sonin.mn
БНСУ-ын тэшүүрийн шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын тэшүүрийн холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн Хэ Ган Пёныг энэ удаагийнхаа “Өглөөний зочин” буландаа онцоллоо.
 
Тэрбээр ОУОХ, МҮОХ-той хамтран хоёр сарын хугацаанд хэрэгжих “Тэшүүрийн сургалт, дасгалжуулалтын бүцтийг сайжруулах нь” төслийн хүрээнд манай улсад хүрэлцэн ирээд байгаа юм.
 
Түүний удирдлага доор 8-20 насны 25 залуу тэшүүрчин өдөр бүр дасгал, сургуулилт хийж байна. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. 
 
 
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Тантай уулзаж, ярилцах хэд хэдэн шалтгаан байлаа. Тиймээс би асуухыг хүссэн зүйлээ л асууя. Харин та их товчхон хариулахыг бодоорой?
-Тэгье ээ, та асуу. Би товчхон хариулахыг хичээе. 
 
-Баярлалаа. Та Монголд ирээд сар болчихлоо. Ингэхэд Олон улсын тэшүүрийн холбооноос яг ямар даалгавартай ирсэн юм бэ?
-Монголын тэшүүрчдэд шинээр гарсан техник заахаас гадна ямар зүйл хийвэл амжилт үзүүлж болохыг судлахаар ирсэн.
 
-Таны ажигласнаар яавал бид өвлийн спорт, тэр дундаа тэшүүрээр амжилт үзүүлэх вэ?
-Монгол хүүхдүүд аливаа зүйлийг амархан сурдаг авьяастай юм. Дээр нь их хатуужилтай. Тиймээс миний зааж байгаа сүүлийн үеийн техникүүдийг хурдан хугацаанд эзэмшиж, бэлтгэлээ эрчимтэй хийх аваас монголчууд өвлийн спортод амжилт үзүүлэх цаг ойрхон байна. Гагцхүү танайд нэг л зүйл дутагдаж байна. 
 
-Юу тэр билээ?
-Нэн түрүүнд битүү дээвэртэй ордон барих шаарлагатай. Тэшүүрийн спортыг хөгжүүлж, амжилт гаргая л гэж байгаа бол маш хурдан битүү дээвэртэй ордонтой болох нь чухал. 
 
-Солонгос улсын төр, засаг спортоо их дэмждэг. Тэр хэрээр хөрөнгө мөнгө, хөшүүргийг нь ч сайн хийж өгдөг. Спортод сонирхолтой хүүхдүүдийг багаас нь бэлтгэж амжилтын оосроос нь атгуулдаг гэж сонссон? 
-Тийм ээ, үнэн. 
 
-Тэгвэл бид дараа дараагийн өвлийн олимпод амжилт гаргахын тулд олон улсын жишгээр хүүхдээ багаас нь тэшүүртэй нөхөрлүүлэх хэрэгтэй биш гэж үү?
-Уг нь тийм л дээ. Гэхдээ бага насны хүүхдүүдийг сургахад маш их цаг хугацаа шаардана шүү дээ. Хэрэв монголчууд хурдан хугацаанд өвлийн спортоор амжилт үзүүлэхийг хүсч байгаа л бол багачуудтай биш залуустайгаа тулж ажиллах хэрэгтэй. Монголчуудад нэг давуу тал бий. Аливаа зүйлийг хурдан ойлгодог. Дайчин зан чанартай. 
 
-Та 1992 оноос дасгалжуулагч, шүүгчээр ажиллаж байна. Тэшүүрийн спортоор олон жил хичээллэсэн туршлагатай, ахмад тамирчны хувьд манайх шиг жилийн дөрвөн улиралтай оронд өвлийн спорт хөгжих боломжтой юу? 
-Боломжтой гэж итгэл дүүрэн байдаг. Тиймээс л битүү дээвэртэй ордоны хурдан барих шаардлагатай гэдгийг дахин дахин хэлээд байгаа юм. 
 
Гэхдээ тэшүүрийн спортоор хичээллэж байгаа хүүхдүүд авьяастай байхаас гадна өндөр амжилт гаргана гэсэн зорилго, чин хүсэлтэй байх нь чухал. Дээр нь ар гэрийнхэн нь бүх талаар нь дэмжиж тусалдаг, спортыг ойлгодог байх шаардлагатай. Энэ бүхэн цогцолж чадвал монголчууд амжилт үзүүлнэ. 
 
-Олон улсын тэшүүрийн холбоо таныг яагаад өвөл биш зун нааш нь явуулсан юм бэ. Миний бодоход зун биш өвөл тэшүүртэй бэлтгэл хийвэл илүү үр дүнтэй юм шиг ээ?
-Бэлтгэлийг дугуйт тэшүүрээр хийх боломжтой. Энэ нь тэшүүргүй бэлтгэлээс дутахгүй үр дүнтэй. Эхний удаад мөсөн дээр биш хуурай бэлтгэл хийж техникээ зөв эзэмших нь чухал. Хэчнээн хуурай бэлтгэл хийсэн ч мөсөн дээр гарахад яг адилхан. Тиймээс өвөл, зун ялгаагүй. 
 
Б.Төрбат
 
Эх сурвалж: