sonin.mn

Энэ удаагийнхаа зочноор Япон Улсын мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ амжилттай зодоглож, элэг нэгт монгол ахан дүүсийнхээ итгэлийг өвөрлөн, эх орныхоо нэр алдрыг арлын оронд цуурайтуулж яваа Г.Ган-Эрдэнийг урьж ярилцлаа.

Тэрээр өнгөрсөн 7 дугаар сарын башёгийн дээд зиндаанд тавин хувийн амжилт үзүүлснээр дараагийн башёд Маягоширагийн зүүний нэгдүгээрт бичигдээд байгаа юм. Г.Ган-Эрдэнэ эх орондоо цөөн хоног амрахаар ирэхдээ өөрийн хүсэлтээр БХИС-д элссэн юм.

Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-1991 оны 11 дүгээр сарын 29-нд төрсөн. Эгч, эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү. 2010 онд "Олонлог" сургуулийг төгсөөд ШУТИС-д уул уурхайн чиглэлээр элсэн суралцаж байгаад тэр жилийнхээ хавар буюу 3 дугаар сарын 26-нд Япон Улсыг зорьсон.

Багаасаа Японы мэргэжлийн сумо бөхөд их сонирхолтой байсан болоод л тэр шүү дээ. Ямар амжилт үзүүлж, хэр өндөрлөгт гарч чадах нь вэ, өөрийнхөө бүхий л нөөц боломж, хүч хөдөлмөрийг дайчлаад барилдаад үзье гэсэн бодлыг тээж, аав, ээждээ үнсүүлээд, тэдэндээ сайн бөх болохоо амлаад арлын орныг зорьж байлаа.

Сумод анх хөл тавьж буй залуус харьцангуй өндөр шаардлага, чанга дэг жаягийг баримталдаг. Шантармаар үе бишгүй л байсан байх?
-Ер нь ямар ч юм санааны зоргоор амархан бүтдэггүй шүү дээ. Сумог маш хэцүү спорт гэдгийг хүн бүхэн л мэдэж байгаа. Тэр хэмжээгээрээ бэлтгэл сургуулилт, таны хэлснээр дэг жаяг маш чанга. Дээр нь хэлний бэрхшээл гээд л хүнд хэцүү зүйл зөндөө. Ямар алдаа гаргачихаад багшдаа загнуулаад байгаагаа ч ойлгохгүй, учиргүй зэмлүүлээд л...

Гэхдээ миний хувьд аливааг дандаа хэцүү байна, чадахгүй нь гэдэг талаас нь биш, аль болох эерэг талаас нь харж, өөрийгөө ялан дийлж, тэр болгоны ард гарахыг хичээдэг. Тэр нь ч надад амар байдаг юм. Халширч, шантарч, чадахгүй нь, болохгүй нь гэж өөрийгөө зовоосноос илүү би чадна гээд мэрийх нь хавьгүй хялбар.

Аль хэдийнээ байр сууриа олчихсон их аваргууд мэдээж түшиг тулхтай байдаг байх. Анх сумод хөл тавихад тань тэд хэрхэн угтаж байв?
-Тэгэлгүй яахав. Учраа мэдэхгүй л нэг хүн яваад очиж байгаа юм шүү дээ, тэр үед ах нар маань маш сайхан угтаж, зааж зөвлөж өдийг хүргэсэн. Ялангуяа, Харумафүжү Бямбадорж ах маань миний багш, бас төрсөн ахаас минь өөрцгүй байдаг. Ах нарынхаа буянд өдий зэрэгтэй яваа.

Монгол ахан дүүсийнхээ итгэлийг дааж, арлын оронд эд хаваа гайхуулж байгаа ах нарынхаа амжилтыг давтана гэдэгтээ итгэлтэй байгаа. Аав, ээж, ах нарынхаа /Японы мэргэжлийн сумод зодоглож буй Монгол бөхчүүд/ тус дэмийн ачийг хариулах ёстой шүү дээ.

Аваргуудынхаа амжилтыг давтаж чадна гэдэг итгэл бас хүлээлтийг сумо сонирхогч элэг нэгтнүүддээ төрүүлээд байгаа...
-Анх японд очоод ахлах сургуулийн 3 дугаар курст орж байлаа. Тухайн үедээ "Бүх японы аварга"-д барилдаж түрүүлснээр сумо бөхийн халуун тогоонд орж чанагдах боломж гарсан. Тэгээд 2011 оны 7 дугаар сарын башёд анх зодоглож, чансаагаараа жагсаалтын хамгийн доод талаас бичигдэж эхэлсэн. Хоёр жилийн дараа буюу 2013 оны 7 дугаар сарын Нагоя башёгоор зиндаа ахиж цолтой бөх болсон.

Харин энэ оны Нагоя башёд нэлээд амжилттай барилдаж, Маягоширагийн    зүүний нэгдүгээрт бичигдсэндээ баяртай байна. Одоо миний дээр 3 аварга, 3 Озаки, 2 Сэкивакэ, 2 кумосуби бий. Тодруулбал, би сумогийн дэвжээнд чансаагаараа 11 дүгээрт жагсаж байна гэсэн үг.

Эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? Амраад бас сонсогч болоод багагүй ажил амжуулж байгаа бололтой...
-Эх орон, аав ээждээ ирж хэсэг хугацаанд ч болов амрахыг зорилго болголоо бас өөрөө хүсэлт гаргаж БХИС-д элслээ. Сургуулийн удирдлага, хамт олон маш сайхан хүлээн авч сургуульдаа элсүүлсэнд баяртай байна. Энэ дашрамд эрдмийн их уурхайн эзэд болсон эрдэмтэн багш, оюутан сонсогчдод ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүсье.

БХИС-ийг сонгох болсон тухайгаа дурдахгүй юу, энэ сургуулийн юунд татагдав?
-Багаасаа    цэрэг, цагдаагийн чиглэлийн хүн болох тухай боддог байсан маань бас дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн энхийг сахиулагч монгол цэргүүдээрээ бахархаж омогшиж явдаг маань энэ сургуулийг сонгоход нөлөөлсөн юм болов уу. Тэгээд ч бид чинь япондоо эх орныхоо төлөө зүтгэж яваа Монгол Улсын цэргүүд гэж онцлогддог юм шүү дээ.

Тэр ч утгаараа эх орны үнэ цэнийг мэдэрдэг байх...
-Тийм шүү. Эх орноороо овоглогдож, эх орныхоо нэр алдрыг дуудуулж, монгол залуусаа төлеөлж, тэднийхээ нүүр царай болж яваа учраас аливаа зүйл дээр сул дорой байх эрхгүй юм шиг санагддаг. Бас эх орон гэдэг бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй, хамгийн эрхэм зүйл юм гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрдэг.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

Ахлах дэслэгч Д.Мэндбаяр

Эх сурвалж: "Соёмбо" сонин