sonin.mn

О.Гүндэгмаатай есдүгээр сард болох олимпын эрх олгох тэмцээн болон бэлтгэл сургуулилтынх нь талаар ярилцлаа.

-Тамирчин хүн нэг олимп дуусгаад дараагийн олимпын бэлтгэлд гардаг. Таныг Риогийн олимпод оролцох эрх авах хэдэн тэмцээн хүлээж байна вэ?
-Энэ жил олон улсын буудлагын холбооны дүрэмд өөрчлөлт орсон. Шинэ дүрмээр олимпын эрхийг дэлхийн цомын дөрөв, дэлхийн аваргын тэмцээн, тивийн аваргын тэмцээн гэсэн зургаан тэмцээнээс эрх олгодог болсон. Өмнө нь бид арван тэмцээнээс эрх авдаг байсан юм.

-Шинэчлэгдсэн дүрэм тамирчдад хэр өгөөжтэй байна вэ?
-Өмнө нь бид 25 сум бууддаг байсан бол одоо 70, 80 сум буудаж дүнгээ гаргахаар болсон. Оноо тэнцсэн тохиолдолд хоёр тамирчин дахин өрсөлдөнө гэсэн үг. Хүндрэл гэхээс илүү тэвчээр шаарддаг болсон.

-Тэгэхээр танд тохиромжтой дүрэм болсон гэж ойлгож болох уу?
-Надад тохирсон дүрэм гэж хэлэхгүй. Тамирчин хүн дүрмээ баримтлан бэлтгэл хийдэг. Ямар амжилт гаргах нь дүрмээ хэрхэн баримталснаас хамаардаг. Ялангуяа шигшээд өрсөлдөнө гэдэг тамирчин бүрийн мөрөөдөл. Мөрөөдлөө биөлүүлэхийн тулд бүх хүчээ л дайчилдаг. Тийм учраас энэ дүрэм надад тохиромжтой гэвэл өрөөсгөл ойлголт болно.

-Хоёр жил завсардаад тэмцээнд ороход сэтгэл санааны хувьд ямар байв?
-Xoёр жил завсардсан ч  шигшээд орно гэсэн зорилготой бэлтгэлээ хийсэн. Дасгагжуулагчийн зөвлөгөө их дэм болсон доо. Сэтгэл санаагаа тайван байлгаж, сандрахгүй буудахыг хичээсэн. Ер нь энэ л тамирчин xүний хувьд их чухал.

-Манай тамирчдад тохиолддог нэг хүндрэлтэй зүйл нь бэлтгэлийн байр байдаг. Зургадугаар сард болсон Дэлхийн цомын тэмцээнд бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-Бэлтгэлийн орчин бидний хамгийн эмзэг асуудал нь үнэн. Энэ асуудлыг багш, тамирчид маань өөрсдөө шийдвэрлэсээр өнөөдрийг хүрлээ. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Ц.Оюугэрэл сайдтай ярилцаж, нөхцөл байдлыг танилцууллаа. Шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна. Би "Аварга" спорт клубын байранд бэлтгэл хийсэн.

-Шигшээд гавьяат тамирчин Д.Мөнхбаяртай үлдсэн. Бээжингийн олимпод бас шигшээд шалгарсан байх аа?
-Тэгсэн. Тэмцээний дараа хоёр биендээ баяр хүргээд "2008 оны үйл явдал давтагдлаа" гэж хэлээд салсан.

-Тэмцээний үеэр бэлтгэл хийх боломж гардаг уу?
-Дэлхийн цомын тэмцээнд 80 гаруй орны тамирчид оролцдог. Долоо хоног үргэлжилдэг. Буудлагын арав гаруй төрлийн тэмцээн болдог учраас тамирчдад бэлтгэл хийх цаг бага гардаг. Тиймээс тэмцээний үөэр бэлтгэл хийх боломжгүй, Бид тэмцээнд явахын өмнө л бэлтгэлээ базаадаг.

-Та гол бэлтгэлээ хаана хийж байна. Бэлтгэлийн тогтсон дэг бий юу?
-Би "Аварга" спорт клубт бэлтгэл хийдэг. Хорь гаруй жил буудлагын спортоор хичээллэж байна.

-Олимпын эрх олгох тэмцээн нэг сарын дараа эхлэх гэж байна. Тэмцээнийхээ бэлтгэлийг хэрхэн базааж байна вэ?
-Миний хувьд бэлтгэл сургуулилт жигдэрсэн. Би өнгөрсөн гуравдугаар сараас бэлтгэлдээ орсон. Буудлагын спортын хувьд дэлхийн аваргын тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог олимпын дараа ордог. Энэ тэмцээн олимпод оролцох эрх олгодог чухал тэмцээн учраас хичээж оролцох болно.

-Дэлхийн цомын тэмцээнээс олимпын эрх авна гэдэгт хэр итгэлтэй байна вэ?
-Дэлхийн цомын тэмцээнд зуу гаруй тамирчин оролцдог. Үүнийг дагаад тэмцээний амжилт ч өндөр гарна. Тиймд хэн сайн буудсан, сийрэг ажилласан нь медальт байрт шалгардаг. Тамирчин бүр л олимпын эрхийн төлөө тэмцээнд зорьж ирдэг. Би ч гэсэн тэдний нэг шүү дээ. Бэлтгэл ч сайн хийсэн.

-Мөнгөн медаль хүртсэн 2008 онтой одоогийн онооны нягтралыг харьцуулбал?
-Онооны хувьд хэвийн. Өнгөрсөн тэмцээнд 584 оноо авсан. Энэ бол олимпын шигшээд орох амжилт юм.

-Хааяа ч гэсэн өөртөө эрдэх үе гардаг уу?
-Би өөрийгөө чансаагаараа тийм байна гэж бодох дургүй. Ер нь өөртөө эрдэж үзээгүй юм байна. Хэзээ ч эрдэж болохгүй гэж өөртөө сануулдаг.

-Та олимпын мөнгөн медальт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар тамирчин. Эдгээр цол, шагналаас сэтгэлд ойрыг нь нэрлэвэл?
-Олимпын медаль, Төр засгаас олгосон одон, шагналаас илүү Отрядын охин гэж дуудуулах дуртай. Анх энэ спортод ороход надад Отрядын Гүндэгмаа л гэсэн нэр байсан. Магадгүй тийм учраас овог нэр минь л сэтгэлд ойр доо.

-Буудлагын спорт галт зэвсэгтэй холбоотой болохоор тэр үү эрэгтэй хүнд тохиромжтой мэт санагддаг. Эмэгтэй хүн энэ төрлөөр хичээллэхэд хэр зөрчилддөг вэ? -Буудлагын спортод хүчний бэлтгэл хийдэггүй. Ер нь энэ спортыг эрэгтэйлиг гэж бодсон удаагүй. Би өөрийгөө эмэгтэйлиг хүн гэж боддог. Тэгэхээр зөрчилдөж үзээгүй юм байна.

-Буудлагын спортод сайн, муугийн ялгааг ямар шалгуураар дүгнэдэг юм бол?
-Хэрхэн дүгнэх нь тамирчны хөдөлмөрөөс хамаардаг. Миний хувьд муу тамирчин, тааруу өрсөлдөгч гэж байдаггүй.

-Энэ спортын түүхийг бичилцэж буй тамирчны хувьд буудлагын тамирчдын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Буудлагын спортод шинэ үе хүч түрж байна. Сүүлчийн хоёр ч тэмцээнээс ажиглаж байхад залуу тамирчдын чадвар илүү болжээ гэсэн бодол төрсен.

-Та олон жил буудлагын спортод амжилттай явж байна. Энэ амжилтын нууц нь юу бол?
-Надад бэлтгэл хийх боломжийг олгосон ээж минь юм болов уу. Цаг наргүй бэлтгэл, тэмцээний үеэр хүүхдүүдийг минь харж, арын албыг сайн хариуцдаг хүн бол миний ээж. Мөн гэр бүл, дасгалжуулагч гээд олон хүний дэмээр өнөөдрийн амжилтад хүрсэн.

-Монголчууд шигшээ багийн тамирчдаасаа их зүйлийг хүсдэг болжээ. Заавал мөдаль хүртэх шаардлагатай мэт санах нь нэг талаараа өрөөсгөл юм болов уу. Энэ байдалд та хэрхэн ханддаг вэ?
-Бид оролцсон тэмцээндээ медаль хүртэж эх орныхоо нэрийг гаргахыг зорьдог. Сүүлийн үөд манай улс олимпын наадмаас алт, мөнгөн медаль хүртсэнээс хойш хүрэл мөдалийг ч ойшоохоо болж дээ гэсэн бодол төрдөг. Хүрэл медаль авахад "Алтан медаль авах байсан юм. Энэ чадсангүй" зэргээр хүлээж авах болжээ. Үнэндээ тамирчид бид эцсийн мөчийг хүртэл медалийн төлөө сэтгэл зүрхээ зориулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Медалийн тавцан дээр зогсоод, амжилтаараа бахархах мөчид танд юу бодогдог вэ?
-Амжилт бүхэн үнэ цэнэтэй байдаг. Медаль авах мөч бүрт ээж минь бодогддог.

-Буудлагын спорт хэдийгээр сэтгэлийн хөдөлгөөнөө барихыг шаарддаг ч хааяа ч гэсэн сэтгэл хөдлөлөө илэрхийлмээр санагдах үе гардаг уу?
-Спорт намайг сэтгэлийн хөөрлөө дарж сургасан. Баярлаж, гомдсон сэтгэлээ огцом илэрийлдэггүй. Тэмцээн дууссаны дараа, заримдаа гэртээ ирээд баярласан сэтгэлээ илэрхийлэх үе ч бий. Шигшээ буудлагад тав, таван сумаар буудаж дүнгээ гаргадаг. Би таван сумаа буудаад "Би түрүүлж" байна гэж боддоггүй. Тухайн тэмцээнийг дуустал би биеэ барих шаардлагатай. Тийм учраас намайг сэтгэлийн хөөрөлгүй гэж хардаг байх. Гэхдээ амьдрал дээрх О.Гүндэгмаа өөр шүү. Үнэндээ би их инээд муутай.

-Та дэлхийд чансаагаараа тэргүүлж буй мэргэн бууч. Өөрийгөө дэлхийн хүн гэж боддог уу. Монгол Улсын иргэн гэж боддог уу?
-Би өөрийгөө Монгол Улсын иргэн гэж боддог.

-Спортын өөр төрлөөр хичээллэх бодол бий юү?
-Аав минь шүхрийн спортоор хичээллэдэг байсан. Багадаа аавыгаа дагаж шүхрээр буух дуртай байлаа. Хэрвээ өөр спортоор хичээллэх боломж олдвол шүхрийг сонгоно. Харамсалтай нь надад тийм зав гардаггүй юм.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: