sonin.mn

Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Гуам улсад болж буй 2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцож байна.

 Энэ сарын 21-25-ны өдрүүдэд болж буй тус тэмцээнд Гуам, Умард Марианы арлууд болон Монгол, Макао улсын багууд өрсөлдөж байна. Эдгээр дөрвөн баг тойргоор тоглож, нэгдүгээр байраар шалгарсан баг урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай тоглох эрхийг авах юм.  

Монголын шигшээ баг тэмцээний эхний өдөр буюу 21-нд Умард Марианы арлуудын багтай тоглож, 4:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан. Энэ өдөр болсон Гуам, Макаогийн тоглолт 0:0-ийн харьцаагаар өндөрлөжээ. Ингэснээр манай баг хэсгээ гурван оноотой тэргүүлж байгаа бол Гуам, Макао нэг оноотой удаалж байна.

Монгол-Умард Марианы арлуудын тоглолт 4:0-ийн харьцаагаар өндөрлөсөн бөгөөд тоглолтын эхний хагаст М.Төгөлдөр, С.Гал-Эрдэнэ нар эсрэг багийнхаа хаалганд бөмбөг оруулсан бол дараагийн хагаст А.Мөрөн, Б.Дашням нар тус тус эсрэг багийнхаа хаалгыг гоолоор мялаалаа.

Тус тоглолтод Монгол Улсын шигшээ багийн гарааны 11-д Б.Ариунболд, Г.Билгүүн, Б.Гарьдмагнай, А.Чинзориг, Ц.Энхжаргал, Х.Цэнд-Аюуш, А.Мөрөн, Б.Мөнгөнтулга, С.Гал-Эрдэнэ, М.Төгөлдөр, Б.Дашням нар багтсан бол сэлгээнд Б.Зоригт, Н.Наранболд, П.Алтантулга, А.Цолмон, О.Баяржаргал, Д.Лүмбэнгарав, Б.Батмагнай нар багтжээ.

Манай хөлбөмбөгчид талбайн эзэн Гуамын багтай өнөөдөр тоглоно.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг