sonin.mn

Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, "Алдар" спорт хороо Зэвсэгт хүчний 017 дугаар анги, Засагт ханы Завхан дэвжээ, "Сандэй" группийн бөх Монгол Улсын шинэ, залуу начин Базаргүрийн Бадамсүрэнтэй ярилцлаа.

-Юуны өмнө Монгол Улсын начин хэмээх эрхэм цолонд хүрсэнд тань баяр хүргэе. Энэ жил Завхан аймгийнхан их өнгөтэй сайхан наадлаа. Тэр дундаа Алдархаан сумаас хоёр начин төрлөө. Танай суманд улсын цолтой бөх бий юу?

-Төрийнхөө их баяр наадамд хоёр дахь жилдээ зодоглож энэ эрхэм сайхан цолонд хүрлээ. Сэтгэл маш өндөр байна. Энэ жилийн хувьд Сүүж ууланд наадмын бэлтгэлээ базаасан. Бэлтгэл сургуулилтын тухайд үндсэндээ ханасан байсан.

Манай Алдархаан сумаас өмнө нь 1958 онд Жонжооны Жигмэддорж гэдэг хүн тав давж улсын начин цол хүртсэн юм билээ. Үүнээсээ хоёр жилийн дараа улсын баяр наадамдаа шөвгөрч одоогоор өсөх идэр начин цол хүртэж байсан түүхтэй. Түүнээс хойш 56 жилийн дараа Л.Лха-Очир бид хоёр улсын цолтны гэр бүлд багтаж байна. Л.Лха-очир начин бид хоёр нэг голын тэр дундаа хамт өвөлжиж, тоглож өссөн хүүхдүүд.

-Нэг голын хоёр хүүхэд нэг өдөр улсын цолтны эгнээнд багтана гэдэг сонин тохиол юм. Хагас зуун жилийн дараа нутаг орондоо улсын цол авч ирсэн болохоор уулзалт, хүлээн авалт гээд тасрахгүй байгаа байх?

-Улсын цол хүртсэн гэдэг утгаар нутгийн иргэд, харъяалагддаг комрани, спорт хороод хүлээж арч баяр хүргэж байгаа. Энэ бүхний цаана том харицлага байгаа гэж бодож байна. Цаашид цолондоо эзэн болж, хамгаалж, ахиулж барилдахыг хичээх үлдлээ.

-Улсын наадмаас хэдхэн хоногийн өмнө Бүх цэргийн баяр наадамд түрүүлж, арслан цол хүртсэнээс үзэхэд энэ жил таны хувьд онцгой жил бололтой?

-Тэгэлгүй яах вэ. 21 аймгийн бөхчүүд зодоглодог, аймгийн цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд зодоглож, түрүүллээ. Мөн улсын баяр наадмаар улсын цолтой бөхчүүдийн эгнээнд багтлаа. Сайхан байна. Энэ жилийн наадамд сэтгэл санаа бүх зүйл тайван байсан. Наадмын эхний орой сайхан амарч хоносон. Харин цэргийн наадамд гэгэлзсэн тал бий.

-Ингэхэд та улсын цолтны эгнээнд багтахаас илүү хугацааг аймгийн арслан цолтой болоход зарцуулсан санагддаг юм. Аймгийн заан цолоо хэдэн удаа баталсан билээ?

-Аймгийн баяр наадамд гурван удаа үзүүрлэсэн. 2010 онд Завхан аймгийн баяр наадамд анх тэргүүн байрын төлөө хүч үзээд бараагүй. Дараа жил нь Дундговь аймгийн түүхт 70 жилээр их шөвөгт үлдсэн.

2002 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн арслан С.Ерөөлт ахтай үлдэж барилдаад бас дийлээгүй юм. Мөн Завхан аймгийнхаа 90 жилийн ойн цол олгох барилдаанд одоогийн аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад өвдөг шороодож, үзүүрлэсэн.

Энэ хугацаанд уг нь арслан цолтой болчих гэж их хичээсэн. Гэвч нэг л болж өгөхгүй байсаар энэ жил Бүх цэргийн наадамд түрүүлж, улмаар улсынхаа их баяр наадамд амжилттай барилдлаа.

-Бөхийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилээр би хүүхдийн барилдаанд зодоглож, дунд шөвөгт шалгарч байлаа. Тэр жил анх удаа Сүүж уулын амралтад улсын цолтой ах нарыгаа даган галд гарсан юм. Тухайн үед Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нарын дархан аваргаас эхлээд олон сайхан бөх бэлтгэлд гараад байсан.

Тэднийг хажуунаас нь хараад хамт бэлтгэл хийж байгаа гэж бодохоор тухайн үед их л гоё санагддаг байж билээ. Бөх болчихож ч байгаа юм шиг мэдрэмж төрөөд л. Тэр жил улсын наадмаар 128 хүүхдээс наймд үлдчихсэндээ урамшиж, тэр жилийнхээ цагаан сарын хүүхдийн барилдаанд хүч үзэж их шөвөгт шалгарсан.

Ерөнхийдөө миний бөхийн замд орсон түүчээ болоод амжилтын гараа энэ цаг үеэс эхэлсэн. Мөн намайг бөхийн замд ороход манай эгч их нөлөөлсөн. Тухайн үед "Алдар" спорт хороонд самбо, жүдо бөхийн бэлтгэл хийдэг байсан юм. Түүнийг дагаж анх ирээд Н.Хосбаяр дасгалжуулагчийн удирдлагад чөлөөлт бөхийн бэлтгэл хийж эхлээд долоо хонож байхад тэмцээн болсон.

Шинэ орсон хүүхдүүд тэмцээнд явахгүй гээд байж байтал нэг хүүхэд явахаа больж, би анх чөлөөт бөхийн дугуй дэвжээн дээр гарч үзсэн. Дорноговь аймагт болсон тус тэмцээнд өөрийнхөө хэмжээнд нэлээд амжилттай барилдсан болохоор "Аварга" дээд сургуулийн лицейд орсноор цаашид эргэж буцалтгүй энэ замыг сонгосон доо.

-Өнөө жилийн улсын баяр наадам хоёрын давааны оноолтоос эхлээд л хатуу байгаа нь мэдэгдсэн. Улсын наадмын даваануудаа дурсвал?

-Хоёрын даваанд Баянхонгор аймгийн арслан Н.Бат-Амгалантай таарсан. Ер нь энэ жилийн наадмын хоёрын даваа их ширүүн байсан. Улсын цолны тааварт явсан найзууд, ах нар маань энэ даваанд нэлээд их "бүдэрсэн". Зарим үед өрсөлдөгч ч гэлээ улсын цол горилж яваа сайн бөх доогуур даваанд өвдөг шороодохыг харах эвгүй шүү.

Гэхдээ л жил бүрийн төрийн наадам ийм байдаг шүү дээ. Харин гурвын даваанд улсын харцага Ж.Амартүвшин ах намайг амласан. Харцагатай өөрийнхөөрөө явж барилдана гэж бодож гарсан. Харин дөрвийн давааны оноолтоор улсын заан Б.Соронзонболдтой учраа таарч давсан. Харин начин цолны даваанд улсын арслан Б.Ганбаттай сайхан барилдаж, өвдөг шороо дуулсан.

-Наадмаас өмнө хоёр, дөрвийн даваанд таарах магадлалтай бөхчүүдээ судалж үзсэн үү?

-Тийм их судалгаа тооцоо хийгээд сүйд болоогүй. Гэхдээ бодож, тооцсон зүйл байлгүй л яах вэ. Дөрвийн давааны нугалаанд заан цолтнуудын сүүлчээр учраа таарахаар байсан. Яг л миний бодсоноор болж, Б.Соронзонболд заантай таарлаа.

-Зургаагийн даваанд улсын заан Ч.Санжаадамбатай хүч үзсэн. Харцага цолны хариуцлагатай даваанд цолондоо ханасан тал байв уу?

-Үгүй ээ тийм зүйл байгаагүй. Хүчтэй сайхан заантай өөрийн хэмжээнд сайхан барилдъя л гэж гарсан. Гэвч нэг л болж өгөлгүй өвдөг шороодсон.

-Хэзээнээс эргэж бэлтгэл сургуулилтдаа орох вэ?

-Энэ сайхан цолонд хүрсэн чинь өндөр хариуцлага хүлээж байгаа. Тиймээс бэлтгэлдээ эрт гарна. Тэгээд ч цаашид цолоо ахиулахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ ээ.

-Танд бөхийн удам бий юу?

-Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат даншигийн арслан "ээж" Нанзад гэж хүн манай ээжийн талд байсан юм билээ. Мөн Монгол Улсын арслан Босоо С.Шагдар гэдэг хүн манай хамаатан.

-Та үе үе монгол үндэсний бөхөд ховордсон тумбарайдах мэхийг сайхан хийж байгаа харагддаг. Энэ мэхийг хэзээ сурав?

-Монгол Улсын начин Б.Адъяахүү багш энэ мэхийг зааж өгсөн. Мөн намайг өдий зэрэгт хүрэхэд олон хүний хүч хөдөлмөр, сургааль гол нөлөө үзүүлсэн гэдгийг дурсах учиртай байх. Улсын харцага Г.Элбэг, Дармаабазар, Наранмандах агсан нар надад бөхийн эрдэм харамгүй зааж өгсөн.

-Цол дагаж бяр гэдэг. Харин та шинэ цолны бяраа хаана үзье гэж бодож байна?

-Манай ээж Завхан аймгийн Баянхайрхан сумынх. Энэ жил түүхт ойн баяртай юм. Тиймээс ээжийнхээ нутагт шинэ цолоо дуудуулахыг хичээсэн боловч "Алдар" спорт хорооноос цол тэмдэг олгох ёслолтой давхцаад амжсангүй.

-Ярилцсанд баярлалаа. Цол нэмэхээр тань эргэн уулзая.

-Танд ч гэсэн ажпын улам их амжилтыг хүсэе. Харамгүй сэтгэлээр тусалж дэмжиж явдаг Зэвсэгт хүчний хамт олон болоод 017 дугаар анги, "Сандэй" групп, "Алдар" спорт хорооныхондоо баярлаж явдгаа танай сониноор дамжуулан уламжилъя. Мөн Завхан нутгийнхан болоод Апдархаан сумынхандаа өнгөрсөн ч гэсэн баяр наадмын мэндийг хүргэе дээ.

Д.Ганбаатар

Эх сурвалж:

http://resource.unen.mn/unen/photo/2014/5/b6c7825f90f70a28/b3f6cdc022018364original.png