sonin.mn

Азийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮII, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮII дахь аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын нийслэл Астана хотын “Даулет” спорт цогцолборт өчигдөр эхэллээ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Цогтбаатар, 65 кг-д спортын мастер Б.Батмагнай, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 125 кг-д ОУХМ Н.Золбоо хүч үзнэ. Эмэгтэй бөхчүүдээс 58 кг-ын жинд Э.Нарангэрэл барилдах юм.

БНАСАУ, БНХАУ, Вьетнам, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Японы бөхчүүд Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж байна. Тэмцээнд ФИЛА- гийн техникийн төлөөлөгчөөр тус холбооны товчооны гишүүн, узбекийн иргэн Ахролжан Рузиев оролцож байгаа аж.

Тэмцээнд эзэн орон шилдэг бөхчүүддээ сойж байгаагийн дотор азийн аварга Татьяна Аманжол, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Жулдыз Эшимова, ДАШТ-ий хүрэл медальт Екатерина Ларионова, олимпийн хүрэл, азийн гурван удаагийн аварга Гузель Манюрова, ДАШТ-ий хүрэл медальт Даулет Ниязбеков, азийн аварга Даурен Жумагазиев, олимпийн наадмын хүрэл медальт Акжурек Танатаров нар байна.

Б. Номуун

Эх сурвалж: