sonin.mn

Монголын буудлагын спорт холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Техник спорт хорооны зааланд нээлтээ хийлээ. Тус тэмцээн 50 дахь жилдээ болж буй нь энэ юм.

Тэмцээнд хоёр жил орчим завсарлаад байсан олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа спорт гар бууны 25, хийн гар бууны 10 метрийн дасгалд цэц сорьж буй нь спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татав. Түүний хувьд Лондоны олимпоос хойш оролцож буй анхны тэмцээн гэхэд болно.

Түүнчлэн энэ тэмцээнийг дууссаны дараа тамирчдын чансааг шинэчилж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох мэргэн буудагчдынг шалгаруулах юм.

Өнгөрсөн жил 80 гаруй тамирчин тус тэмцээнд өрсөлдсөн бол энэ тоо нэмэгдэж 18 байгууллагын 140 гаруй тамирчин цэц сорьж байгаа юм байна.

Өчигдөр эхэлсэн спорт гар бууны 10 болон урт бууны 25 метрийн дасгалд гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, ОУХМ Н.Баяраа, О.Янжинлхам нар тэмцээний хошуу чилж байлаа. Өнөөдөр урт бууны 50 м-ийн дасгалуудаар тэмцээн үргэлжлэх бол ангилал бүрийн аваргууд маргааш тодрох билээ.

Д.Жавхлан

Эх сурвалж: