sonin.mn

Монголын боксын холбооны санхүү хяналт, хөгжлийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч, ОУХМ Б.Батбаяртай ярилцлаа. Боксын 1990-ээд оны дунд үеийн тамирчин байсан тэрээр МУГТ Т.Үйтүмэнтэй өрсөлдөж өгөө аваатай явсандаа бахархаж явдаг юм билээ.

Хэдийгээр зах зээлийн хүнд үед хүссэн амжилтандаа хүрч чадаагүй ч гэсэн тэрээр ОХУ-д болсон тэмцээнд тав, зургаан удаа түрүүлж, Улаанбаатар цомын хоёр удаагийн аварга, Зүүн өмнөд Азийн хүрэл, Химийн цомын хүрэл медалийг хүртэж байжээ. Түүнтэй Монголын боксын холбооны бодлого шийдвэр, цаашдын зорилтын талаар ярилцлаа.

-Сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д манай тамирчид оролцож байна. Тамирчид одоогоор ямар амжилттай байна вэ?

-Болгарын нийслэл Софи хотноо болж. байгаа тэмцээнд манай шигшээ багийн залуучууд мөн эмэгтэй гурван жинд оролцохоор явсан. Тэмцээн одоогоор ид дундаа орчихсон явж байгаа. Гол найдлага тавьж байсан Цэндбаатар маань дээд жиндээ ороод ялагдчихлаа. Гэхдээ цаана нь найдлага болсон тамирчид байгаа учраас хамаагүй мэдээлэл өгөхгүй, байдлыг ажиглая гэсэн бодолтой байна.

Мөн насанд хүрэгчдийн шигшээ баг 15,16 хүний бүрэлдэхүүнтэй анх удаа Казакстан улсын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийлээ.Тэндхийн Боксын холбоо, шигшээ багийнхан маш сайхан найрсгаар хүлээж авсан. Одоогоор ОУХМ Д.Батсүрэн багш шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа.

Энэ багшид маань Казакстан улсаас "Найрамдал" одон өгсөн. Ер нь казакын бокс дэлхийд нэг, хоёрдугаарт явдаг, сайн тамирчидтай. Томоохон тэмцээнүүдийг дандаа Казакстанд төвлөрүүлж байгаа.

Дэлхийн боксын холбоо, AIBA академийнхээ нээлтийг ирэх долдугаар сард Ерөнхийлөгчийн цомын тэмцээний үеэр албан ёоор хийх юм. Тийм учраас манай Боксын холбоо цаашдаа Казакстан улсын боксын холбоо болоод, академитай нь хамтарч ажиллах бодолтой байгаа.

-Нэрт дасгалжуулагч Банди багш маань холбоондоо эргэн ирлээ. Тэгэхээр Боксын холбоог багаа сайн бүрдүүлж байна гэж ойлгож болох нь ээ?

-Бид шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Ардын багш, гавьяат багш Д.Банди багшийгаа авч ажиллуулж байгаа. Энэ хүний ухаан, 40 жил боксоор амжилт гаргахад нөлөөлсөн нөр их туршлагаас нь суралцаж хэрэгжүүлж, түүнээс нь залуучууд маань хуваалцаж нягт уялдаа холбоотой ажиллахаар шийдвэрлэсэн.

Харин эмэгтэй шигшээ багт гавьяат тамирчин, Азийн хошой аварга Х.Алтанхуяг багш маань зөвлөх багшаар ажиллаж байгаа. Боксын холбооны мэргэжлийн зөвлөлөөс гаргаж байгаа бодлого бол дасгалжуулагчдыг олноор нь хамруулах, анхны багштай нь хамт тэмцээнд явуулах, нэг багш дээр даатгаад орхихгүй, олон багш дээр бэлтгэл сургуулилтыг нь хийлгэж, тамирчдын арга барилыг сайжруулах системээр ажиллахаар ерөнхийдөө төлөвлөсөн.

Саяхан л гэхэд бид Монголд анх удаа өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, шигшээ баг, арав гаруй багш гээд нийтдээ 70 хүний бүрэлдэхүүнтэй Олимп баазад 40 хоногийн хугацаатай бэлтгэлд гарлаа. Энэ үеэр ах нараасаа суралцаж туршлага хуваалцсан сайхан арга хэмжээ болсон.

Харин одоо эмэгтэй шигшээ багийн тамирчид Бээжин хотод Хятадын шигшээ багтай 20 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байгаа. Энэ нь бид Азийн наадамдаа бэлтгэж Азийн тоглолтын аварга төрүүлэхийг зорьж байгаа юм.

-МУГТ Н.Төгсцогг маань Америкт тоглох гэж байгаад эргээд ирлээ. Энэ нь мөн л та нарын эв нэгдлийг харуулж байна?

-Төгсцогтын хувьд Монголын боксын холбооны ерөнхийлөгч Бат-Эрдэнийн хүсэлтээр АНУ-аас ирлээ. Энэ хүүхэд 22 настай, сонирхогчдын боксоор бэлтгэгдсэн ид сайн амжилт гаргах насан дээрээ явж байгаа учраас шууд Америк руу алдчихмааргүй байна.

Тиймээс Монголын боксын холбооны удирдлагууд, Ерөнхийлөгчийнхөө хүсэлтийг хүндэтгээд ирсэнд баярлаж талархсанаа илэрхийлье. Бидэнд 2016 оны олимпод Төгсцогтыгоо бэлтгэж дахиад нэг олимпийн аваргатай болох юмсан гэсэн мөрөөдөл бий.

Одоо Төгсцогт маань бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаа. Тавдугаар сард Алмата хотод болох Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Анхны багш А.Гантулга багштайгаа тулж ажиллаж байгаа.

-Бокс сонирхогч хүүхдүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Гэвч танай заал танхим ирсэн болгоныг багтааж хичээллүүлэх боломжгүй байдаг?

-Монголын бокс олимпийн болон дэлхийн аваргатай. Үүний араас олон хүүхэд залуучууд хичээллэх сонирхолтой байна. Тиймээс бид цаг хугацаагаа хэмнээд спортын мастер.ОУХМ мастер болсон тамирчдаа багш нар болгох сургалтыг анх удаа ирэх зургадугаар сард хийх гэж байна.

Ингэж олон багш нар бэлтгэснээрээ боксоор хичээллэх сонирхолтой байгаа олон залуучуудыг амжилт үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм. Гэсэн ч манай боксын заал хүрэлцэхгүй байгаа. Үүнийг ССАЖЯ маань анхааралдаа авсан байх гэж бодож байна.

Олон аавын хүүхэд хэдэн ч алтан медаль хүртэж, хичнээн нь ч амжилт үзүүлэхийг бид таашгүй. Тиймээс эх орныхоо нэрийг мандуулах тамирчид бэлтгэхийн тулд материаллаг бааз, багш нараа чанартай бэлтгэх нь холбооны үүрэг байх гэж бодож байна. Цаашдаа энэ тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөсөн.

-Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар маань Боксынхоо холбоонд ажиллаж байна. Тэд тамирчдадаа нэлээдгүй зөвлөдөг байх даа?

-Тэгэлгүй яахав. Сэрдамба маань холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Харин Бадар-Ууган мэргэжлийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэд маань тамирчдынхаа төлөө маш өөдрөг сэтгэлтэй ажиллаж байгаа.

Манай холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрднэ, дэд ерөнхийлөгч Отгонбаатар нар маань боксынхоо бодлогыг зөв боловсруулаад бид тамирчдаа мэргэжлийн тал дээр зөв шийдээд явах үүрэгтэй ажиллаж байгаа.

-У.Мөнх-Эрдэнэ гавьяатыг сая тэмцээний үеэр бэртээд мэс засалд орох гэж байгаа гэсэн. Тэгэхээр Азийн тоглолтод орох боломжгүй гэсэн үг үү?

-Мөнх-Эрдэнэ Астанагаас шууд Герман руу гараа эмчлүүлж, цаашилбал мэс засалд орохоор ниссэн. Хамгийн гол нь Берлинд эмчилгээний цаг нь наашлаад эмч нь хөнгөлөлттэй эмчлэх болсон юм билээ. Хэрэв мэс засалд орвол гар нь тодорхой хугацааны дараа эдгэх учраас Азийн тоглолтод явах эсэх нь эргэлзээтэй байгаа.

Гэхдээ заавал Мөнх-Эрдэнэ гэлтгүй сая улсын аварга болсон тамирчинтай Мөнх-Эрдэнэ явахаар болбол сорилт хийнэ. Гэхдээ Монголын боксын нүүр царай болж улмаар, дэлхийн боксын рейтингээр нэгд явж байгаа болохоор Мөнх-Эрдэнийн чансааг бодож залуу тамирчинтай өрсөлдүүлэх нь боксын холбооны зөвлөлийн шаардлага болов уу гэж бодож байна.

Энэ эрх Мөнх-Эрдэнэд нээлттэй байгаа. Гэхдээ өөрийнх нь саналыг харгалзана. Өөрөө ч тухайн үед бидэнд хүсэлт тавих байх.

-Эмчилгээний зардлыг нь хэрхэн яаж шийдэж байгаа вэ?

-Өөрийг нь дэмждэг хүмүүс, ар гэр, дээр нь Монголын боксын холбооноос туслалцаа үзүүлэх юмсан гэж бодож байна. Бодвол цаанаасаа мэс заслын зардлыг нь шийдчихсэн байх. Ээж нь хүүхдийнхээ төлөө маш их анхаардаг, их үүрэгтэй хүн байгаа. Монголын боксын холбооноос хэдийгээр хөрөнгө мөнгөөр хангахгүй ч гэсэн цаашдынх нь спортын амжилтад нь зөв бодлогыг нь боловсруулаад явж байна.

-Боксын спорт энэ жил 66 нас хүрч байгаа буурал спортын нэг. Ойгоо тэмдэглэх үү?

-Уг нь хоёр тэгш тоотой ойгоо тэмдэглэнэ гэж ярьж байгаа. Энэ хүрээнд боксын спортыг өнөөдрийг хүртэл хөгжүүлж жимийг нь таслаагүй яваа ахмад буурлууд, дунд үеийн амжилт гаргаж байсан тамирчдаа анхаарах бодолтой байгаа.

Бүр тодруулбал, Азийн наадмаас, Азийн тоглолтоос медаль авч байсан тамирчдаа төр засгийн шагнал, МҮОХ-ны ойн медалиудаар урамшуулъя гэж бодож байгаа. манай боксын тамирчид одоо байгаагаасаа илүү амжилт үзүүлэх нөхцөлтэй.

Тийм учраас тогоон доторхи асуудлаа шийдэж чаддаг, аль тамирчнаа гаднын тэмцээнд явуулахав, хэн гэдэг дасгалжуулагчаа нэр дэвшүүлж ахлах болгохов гэдгийг мэргэжлийнхээ зөвлөлөөр шийдэх нь зүйтэй. Тэгэхгүй бол заримдаа улстөржөөд хэтэрхий нутгархаг үзэл орж ирээд байна.

Бид жалга дов гэхээсээ илүү төрийн алтан соёмбот далбаа дэлхийн тавцанд мандах нь чухал байна. Тиймээс биднийг улс төрөөс жаахан хараат аваад үзчихвэл бид та нарын итгэлийг алдахгүй, цаашдаа өөрсдийгөө бүрэн аваад явах чадвартай гэж хэлэх байна.

Тиймдээ ч бид ахмад буурлуудаараа түшиг тулгуур болж тэднийхээ үгийг сонсч явдаг. Ямарваа спортыг хөрөнгө мөнгөгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс Монголын боксыг өнөөдөр ийм сайхан нэр хүндтэй авч яваа УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ ерөнхийлөгчдөө маш их баярлаж байна.

Энэ хүний гарт Монголын боксын амжилт, ялалт бүхэн байгаа. Өөрийнхөө бүхий л зүрх сэтгэл зүрхээр боксын холбоонд хандив тусламж өгч байгаа. Өмнөх амжилтууд ч Бат-Эрдэнэ ерөнхийлөгчөөс өмнөх 12 ерөнхийлөгчтэй холбоотой. Тэд мөн л боксын спортыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж явсан хүмүүс.

-Та ч өөрөө нэгэн үе боксоор амжилт гаргаж явсан. Тэр үеэ эргээд дурсахгүй юу?

-Бид үе үеийн олон сайхан ах нараасаа туршлага, арга барил, техник бэлтгэжилтийг сурсан. Миний хувьд 1990-ээд оны дунд үеийн тамирчин. Бидний дээд үед гахай жилтнүүд гээд Д.Лхагваа, Т.Үйтүмэн, Батнасан, Нэмэхбаяр гээд олон сайхан тамирчид байсан. Бидний үеийнхэн жаахан азгүй.

Яагаад гэвэл 1993,1994 онд цүнх үүрсэн болгон Дэнжийн мянгын зах руу явдаг байсан. Гэтэл бид цүнхээ үүрээд Спортын төв ордны эзэнгүй өрөө рүү ирдэг байлаа. Тухайн үед шигшээ багийн залуучуудын ахлах дасгалжуулагчаар спортын мастер Ганболд багш ажиллаж байсан.

Бас Д.Энхбат багш маань байлаа.Энэ сайхан Хүмүүсийнхээ хүчинд ямар нэг зүйлд автагдахгүй, спортоороо тууштай хичээллэж өдий зэрэгт хүрсэн. Гэхдээ биднийг тэмцээнд явахад хувцас хунар, мөнгө төгрөгөө бэлтгээрэй гэж хэлдэг мөртлөө яг онгоцны буудал дээрээс зардал бүтсэнгүй гээд хэд хэдэн удаа буцааж байсан удаатай.

Гэсэн ч бид энэ бүгдэд сэтгэл санаагаар уналгүй энэ спортод заавал амжилт үзүүлнэ гэсэн итгэлтэй явлаа. Тухайлбал, 1996 оны Атлантын олимпод Т.Үйтүмэн. Ж.Наранцогт, Ц.Даваацэрэн нар явж бүгд л медалийн төлөө тоглож байсан. Энэ дундаас Т.Үйтүмэн маань өчүүхэн оноогоор Америкт ялагдаж байсан.

Хэрэв түүнийг хожсон бол түрүүлэх боломжтой байсан. Миний хувьд Үйтүмэнтэй нэг жинд тоглож өгөө аваатай л байсан. Гадагшаа хоёулаа тэмцээнд яваад түрүүлээд ирдэг байлаа. Гэхдээ би оройтож бокс тоглосон болохоор Үйтүмэн гэж агуу боксчин байдгийг дараа нь л мэдсэн. Тэгээд сүүлд нь энэ хүнтэй өрсөлдөж явахдаа зүүд биш байгаа даа гэж дотроо бодож байсан.

Бүр амжилтад нь нөлөөлөх бэлтгэлийг нь хангаад өгөх юмсан гэсэн чин сэтгэл байсан болохоос биш би тэмцээнд нь очоод түрүүлчихье гэж бодож байгаагүй, сайхан өрсөлдөгчид л байлаа. Мөн Д.Лхагваа ах маань мэргэжлийн боксоос 1995 онд гарахдаа надад сонирхогчдын боксынхоо бүх хувцас хэрэглэлийг Үйтүмэнг хожоорой гэж өгч билээ.

1998,1999 онд боксын холбооны үнэхээр уналтын үе байсан. Энэ үед бид 24,25 настай залуучууд гадагшаа суралцах нь сураад, ажил хийх нь хийхээр явсан. Би л гэхэд Солонгос улсад спортын чиглэлээр гурван жил сурсан.

-Тэгвэл одоо боксын холбоондоо ямар зорилго тээж ирсэн бэ?

-Залуучуудаа гялсхийгээд .өнгөрөх залуу насандаа амжилт гаргаасай. Өөрийнхөө хүссэн ханасан амжилтдаа хүрээд, эх орныхоо тугийг мандуулаасай. Тэгээд хэзээ нэгэн цагт бид нарын насан дээр ирээд хэзээ ч харамсахааргүй сэтгэл дүүрэн үлдээсэй гэдэг үүднээс би холбоондоо ажиллаж байна.

Зөв бодлоготой, зөв менежменттэйгээр нийт багш тамирчдынхаа ахуй амьдралд анхаарсан бодлого боловсруулж нөхцөлд нь чин сэтгэлээрээ ажиллахыг хүсч байна. Бидний үеийнхэн зардал мөнгөгүйн улмаас оролцох ёстой тэмцээндээ орж авах ёстой медалиа хүртэж чадаагүйдээ битүүхэн харамсдаг.

Гэсэн ч бид алдаатай зүйлүүдийг нь өөрсдийн бие, сэтгэлээр амссан болохоор өнөөдөр холбооныхоо удирдлага багш нар нь болоод явж байгаагийн хувьд тамирчдаа битгий алдаасай гэж хэлэх байна.

Д.Нэргүй

Эх сурвалж: