sonin.mn

Алдар спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаярыг хувилбартай асуулт буландаа урилаа

-Та өөрийгөө товч тодорхойлбол...

-Өрх гэрийн эзэн, спортын төлөө чин сэтгэлээ зориулж яваа, цэргийн тангараг өргөсөн эр хүн.

-Таны бусдаас ялгарах онцлог, давуу тал гэвэл ...

-Мэдээж энэ биеийг олж төрсөн минь бусдаас ялгарах нэг шинж байх. Давуу тал гэвэл зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тууштай явдаг.

-Та бодож байсан зүйлээ хүнд хэр сайн ойлгуулж чаддаг вэ?

-Хүнд бодол санаагаа зөв ойлгуулах чадвар байгаа гэж боддог.

-Таны хийж чаддаггүй зүйл гэвэл...

-Багаасаа л шугам зургийн хичээлдээ тааруу байсан. Зураг зурах миний хийж чадах зүйл биш юм байна лээ.

-Тэгвэл хамгийн чаддаг зүйл гэвэл?

-Хамгийн түрүүнд спорт л гэж хэлнэ дээ.

-Хүнд ямар бэлэг өгөх дуртай вэ?

-Бэлгийн дээд ном гэж ярьдаг. Би багаасаа л номтой нөхөрлөж өссөн. Номыг хүндлэн дээдэлдэг. Тийм ч учраас хүнд ном бэлэглэх, мөн авах дуртай.

-Хамгийн сүүлд хэнээс бэлэг авсан бэ?

-Цэргийн баяраар нэг найз маань үзэг бэлэглэсэн дээ.

-Магтаал зэмлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хүний амьдралд аль, аль нь байх ёстой. Магтаал гэдэг хүнд урам өгч, сэтгэлийг сэргээдэг. Зэмлэл ч гэсэн урам болох ч үе бий шүү. Ер нь магтаалд бялуурахгүй, зэмлэлд гунихгүй байх л хэрэгтэй.

-Уурлаж бухимдсан үедээ хэрхэн тайвширдаг вэ?

-Аль болох ганцаараа суугаад тайвширдаг. Уур хэтэрвэл гарах цаад үр дагавар нь мэдээж сайнгүй байдаг шүү дээ. Тиймээс хүлээцтэй байхыг эрхэмлэдэг.

-Цэргийн хүн болсноор таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Зэвсэгт хүчин гэдэг хүндлэх, нөхөрлөх, цагийн юмыг цагт нь гэх мэт олон зүйлийг надад сургасан багш. Би 21 жил Зэвсэгт хүчинд зүтгэж явна. Цэргийн хүн болсон минь их хувь заяа. Энэ дашрамд буянтай энэ байгууллагад хүчин зүтгэж байгаа нийт алба хаагчдад ажлын өндөр амжилт хүсье.

-Амьдралын тань утга учир юу вэ?

-Үр хүүхдүүд минь миний амьдралын гол утга учир. Тэдэнгүйгээр амьдралыг төсөөлнө гэдэг боломжгүй зүйл. Тиймээс тэднийхээ өмнө маш том хариуцлага хүлээх ёстой гэж ойлгож явдаг.

-Мөнгө гэж юу вэ?

-Мөнгө бол амьдралын хэрэглээ. Түүнийг зөв, зохистой хэрэглэх л шаардлагатай.

-Хүндлэл гэж ...

-Хүний хүндлэл хүлээнэ гэдэг хэцүү, тэр хүндлэлийг дааж явна гэдэг түүнээс ч илүү хэцүү. Хүндлэлийг дааж явахын тулд хүнлэг энэрэнгүй байх л хэрэгтэй болов уу.

Дэд ахлагч А.Алтанхуяг

Эх сурвалж: “Соёмбо” сонин