sonin.mn

Тэртээ 1954 онд 21 настай цэрэгт байх үедээ даян аварга Ц. Чимэд-Очироор тав даван монгол улсын начин, 1956 онд Ё.Доржоор дахин тав даван начин цолоо баталж үнэн хүчит чимэг хүртэж байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат улсын өсөх идэр начин Заяахүүгийн Чинбаттай бөхийн өргөөнөө уулзаж ярилцлаа. Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээний бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаан 3.Чинбат начны нэрэмжит болон зохиогдсон юм. Өдгөө 82 настай ч ануухан хэвээр ийнхүү хуучилж сууна.

-Төрсөн нутаг усныхаа талар яриагаа эхлэе?

-Би Говь-Алтай аймгийн Шарга суманд төрж өссөн. Цэрэгт 1953 онд ирэхдээ аймгийн начин цолтой байсан. Тухайн үеийн алдарт аварга, арслангуудтай бүгдэдтэй нь барилдаж хаяхдаа хаяж, унахдаа унаж явсаан.

-Бөхийн зам руу хэдий үеэс оров?

-Бүр багаасаа л барилдаж өссөн. 1953 оны намар цэрэгт татагдаад 1954 онд 21 настайдаа улсын начин цолны босго алхсан. Цэргийн гурван жилийн хугацаандаа цолоо дахин баталсан даа.

-Аймгийнхаа баяр наадамд хэр барилдаж байв, та?

-Говь-Алтайд би гурав түрүүлж, нэг үзүүрлэсэн. Ид үеэ хөдөө нутагтаа барилдаж өнгөрүүлсэндээ харамсдаг. Би цэргийн албаа хаагаад л шууд нутагтаа ирж тээврийн долдугаар баазад ажилласан. Уг нь улсын баяр наадамдаа ирж барилдаж байсан бол нэлээд хэд шөвгөрөх байсан байх. Цаг хугацаа алдсан даа.

-1954 оны улсын баяр наадмын тавын даваанд Ц.Чимэд-Очир аваргатай барилдсан барилдаанаа эргэн дурсвал...?

-Аварга их том хүн шүү дээ. Бид хоёр нэлээд удсан. Намайг барьж аваад л, тавиад байсан. Сүүлдээ хүч нь саарсан юм байлгүй, намайг барьж авч чадалгүй хий хавираад өөрөө унасан.

Би цэргийн хүн юм чинь юундаа ядрах вэ дээ. Зургаагийн даваанд Ш.Батсуурь аварга намайг авсан. Бас нэлээд удлаа. Тэгсэн хөл нь ойрхон харагдаад байхаар нь бушуу бариад авья гээд ухасхийтэл өөрөө сөхрөөд ойчсон.

-Та хоёр жилийн дараа буюу 1956 онд цолоо дахин баталсан юм уу?

-Улсын начин Ё.Доржоор тав даван Д.Дамдин аваргад унасан. Тэр жилээ Дамдин аварга түрүүлсэн юм шүү дээ. Тухайн үед чинь Барилгын хорооны цэрэг гэж дуудуулдаг байлаа. Сүүлдээ л Говь-Алтай аймгаараа харьяалагдаж барилддаг болсон. Дараа нь 1959 оны спартакадаар 20 давбал улсын заан цол өгнө гэж байна.

Би 14 давчихаад Бээжин аваргатай барилдаж байгаад хөлөндөө бэртэл авсан.Тэр зунаа наадамд ч зодоглоогүй. Тэр үед цэргийн газрын жолооч байв. Жолооч сайхан, бараг л том дарга болчихсон юм шиг санагдаад бөхөөрөө ч нэг их явдаггүй байж. Миний үед чөлөөт бөх гэж байгаагүй. Байсан бол барилдаад л явчих байсан байх гэж одоо боддог.

-Таны үеийн хүчтэй өрсөлдөгчид гэвэл хэн хэн байвсан бол...?

-Тухайн үед Д.Дамдин, Ц.Чимэд-Очир, Ш.Батсуурь Ж.Бээжин, арслан Б.Жамьяндорж, У.Мижиддорж гээд л олон сайхан бөх байсан даа. Гэхдээ Б.Жамьяндорж намайг бараг хаяж үзээгүй шүү.

-Таны барилдааны арга барил ямар мэхийг голлон хийдэг байв?

-Ер нь барилдана гэдэг чинь тухайн хүнээ сонгож яаж барилдаж байгааг нь сайтар ажиглаж байж барилдана гэсэн үг. За тэгээд, ганцхан мэхээр хүн хаяна гэж байхгүй дээ. Угсраа олон мэх хийж байж л хаяна шүү дээ. Өвөө нь тэгж л барилддаг байсан. Тэр энэ гэлгүй бүх л мэхийг хийдэг байсан даа.

-Танд бөхийн удам бий юу?

-Бий бий. Манай ээжийн аав нь Богдын даншигт зургаа давж байсан Засагт хааны "суран хар" Дамбий гэж бөх дээр үед байсан юм билээ. Бас аавын талд аймгийн арслан цолтой хүмүүс их байсан.

-Санаанаас гардаггүй дурсамжтай барилдаанаасаа уншигчдадаа ярина уу?

-Угсраа мэх хийгээд, хүнтэй удаан зууралдалгүй барилдвал сайхан шүү дээ. Дээр үед чинь ер нь л уддаггүй, хурдан шуурхай барилддаг байсан. Одоо бол барьц хална гэж бараг алга даа. Дээхэн үед чинь аварга, арслангууд нүднээс нулимс гаргаж гишгэдэл алдтал халдаг байлаа шүү дээ.Одооны бөхчүүд бариад л зогсоод байх юм.

-Бөхчүүдээс хэн хэнтэй нь дотно найзалж, нөхөрлөж байв?

-Жамьяндорж арслан, Дорнодын Дугарсүрэн заан бид гурав их дотно найзууд байсан юм. Ер нь бөхчүүдтэй бүгдтэй нь л найзалж явсан даа.

-Та хэдий үеэс барилдахаа больсон бэ?

-Бэртэл аваад 1964 оноос л барилдахаа байсан. Залуудаа тээврийн тэрэг барьдаг байлаа. Хот, хөдөөгийн хооронд ачаа ачиж, буулгаж явсаар байтал хамаг цагаа авдаг байв. Төлөвлөгөөгөө биелүүлэх гээд л үзээд байдаг. Бэлтгэл ч хийхгүй байж байгаад л наадамд барилддаг байлаа.

-Таны үр хүүхдүүдээс одоо барилдаж байна уу?

-Одоохондоо алга. Хүүхдүүдийн хүүхдүүдээс барилдах хүү гарах байх гэж бодоод л байна. Нэг хүү бий, одоохондоо балчир байна, дөнгөж дөрөвдүгээр анги. Тэр маань л барилдчих байх.

-Та одоо хаана амьдарч байгаа вэ?

-Говь-Алтайд амьдарч байгаад 5, 6 жилийн өмнөөс хүүхдүүдээ дагаад л Эрдэнэт хотод амьдардаг болсон.

-Танай аймгийн энэ сарын барилдаан таны нэрэмжит болгон зохиогдож байна. Таны бодлоор бөхийн залгамж халаа хэр бэлтгэгдэж байх шиг байна?

-Их олон хүүхдүүд гарч ирж байна. Бөх тэр болгон үзэхээ байгаад сайн мэдэхгүй л байна. Гэхдээ гайгүй, гайгүй залуус их харагдаж байна. Зурагтаар хааяа бөх хараад сууж байхад бөхчүүд өөрийгөө дайчилж ноцолдохгүй байх шиг.

Хараад байх нээ зориг муутай ч юм шиг, хүчээ тэнцүүлэхгүй байгаа ч юм шиг. Барилдана гэдэг чинь хаяж хөөж явахдаа цээж бөгсөндөө хүчээ тэнцүүлж байх ёстой байдаг. Зарим нь цээжиндээ хүчээ төвлөрүүлж яваад ч унаж байх юм.

-Ахмад бөхийн хувьд ирээдүй хойчийн бөчүүддээ зөвлөгөө өгнө үү?

-Одооны бөхчүүд өдөр болгон ноцолдож байна. Энэ нь сайн хэрэг. Дээр үед тэгдэггүй байлаа шүү дээ. Яахав, хот хүрээний бөхчүүд бэлтгэл хийдэг л байсан. Хөдөөний бид нар жилд хоёр гурав ноцолдож байгаад л наадамд барилддаг байсан. Ер нь хаячихаад нэгнээ татаад босгодог байх хэрэгтэй, толгой дээгүүр нь харайгаад байлгүй.

Иймэрхүү зүйл харагдаад байна. Энэ чинь бас бөхийн соёл шүү дээ. Хаячихаад татахгүй ч гэсэн гараа хүргээд босгох хэрэгтэй. Уначихаад бас хурдан босох хэрэгтэй Бидний үед уначихад удаан хэвтүүлдэггүй байлаа шүү дээ.

Одоо зурагтаар хараад байхад зарим нь уначихаад дээшээ хараад л хэвтээд байх юм. Унаж байж хаяж сурна Унасан ч, хаясан ч нүнжигтэй л байх хэрэгтэй. Түүнээс нэг хаячихаад тэр чигээрээ хаяад байна гэж байхгүй. Заавал унана. Олон дахин унаж байж хаядаг болно шүү.

-За ярилцсанд баярлалаа. Урт удаан наслаарай.

МУБИС, БТС Б.Балжинням

Эх сурвалж: "Бөх" сонин