sonin.mn

 

Ховд аймгийн уулчдын баг энэ сарын 12-нд Монгол Алтайн мөс, цаст хайрхануудын нэг Сутай хайрханы 4190 метр өндөр ноён оргилд амжилттай авирч, төрийн далбаагаа мандууллаа.
 
 
Уулчид оргилд өөрсдийн санаачилгаар авирсан бөгөөд урьд өмнө нь ямар ч уулчин гарч байгаагүй шинэ маршрутыг нээж чадсанаараа онцгой амжилт гаргав. Сутай хайрханы оргилд уулчид олон удаа авиралт хийж байсан ч бүгд хайрханы өмнө талаас буюу Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил сумын нутгийн талаас харьцангуй хялбар замаар авирдаг байсан.
 
 
Харин Ховд аймгийн нутгийн талаас буюу ар талаас нь авиралт хийхэд хэцүү, эрс босоо тогтоцтой, зам нээх боломжгүй гэж үздэг байж. Харин нутгийн уулчид энэ байр суурийг эвдэж, 30 орчим километр эрсдэл ихтэй, бартаат замыг амжилттай туулж, шинэ маршрут нээж, оргилд гарч чадсан нь юутай ч зүйрлэмгүй нэг бахархал боллоо.
 
 
Уулчид Төрийн тахилгат Сутай хайрханы оргилд гарч аймаг орон, зон олноо даатгаж өргөл залбирал өргөсөн байна. Авиралтын багийн ахлагчаар гавьяат тамирчин, ОУХМТ.Гүррагчаа явсан бөгөөд Ховд аймгийн уулын спортын шигшээ багийн тамирчин, "Ховдын толь" сонины эрхлэгч, яруу найрагч, сэтгүүлч Г.Төрмөнх,
 
 
мөн багийн уулчин Алтай сумын уугуул Д.Бөхжаргал, аймгийн цагдаагийн газрын ахлах дэслэгч, уулчин Д.Бямбасүрэн, мөн газрын ахлагч, уулчин З.Жамьяндорж, Ховд их сургуулийн Биеийн тамирын ангийн оюутан, ханан хадны авиралтын улсын гурван удаагийн аварга, тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, уулчин Д.Мөнх-Эрдэнэ,
 
 
Хөшөөтийн уурхайн механик инженер, залуу уулчин Л.Ганцоож нар авирсан байна. Багийн ахлагч Т.Гүррагчаагаас авиралтын талаар тодруулахад "Өнгөрсөн 2012 оны наймдугаар сарын эхээр Ховд нутгийн дээвэр Мөнххайрхан уулнаа авирч,
 
 
Монголын уулчдын нэгдсэн "алпиниад"-д оролцоод буцаж байхдаа 2013 оны хавар, зуны зааг дээр Сутай хайрханы оргилд авиралт хийх нэгэн шинэ санааг сэдсэнээ зөвшилцөж, бэлтгэл зохион байгуулалтын талаар санал солилцож байсан нь саяхан мэт.
 
 
Ийн жилийн өмнөөс зорьж төлөвлөсөн авиралт маань амжилттай боллоо. Хамгийн чухал нь урьд өмнө ямар ч уулчид зүглэж байгаагүй (учир нь хүмүүс халширч болгоомжилсоор ирсэн) газраар шинэ маршрут гаргаж, чамгүй сорилт бэрхшээл туулж оргилд хүрч чадсандаа манай багийнхан сэтгэл хангалуун буцаж ирцгээлээ.
 
 
Авиралт хүнд байсан ч зорьсондоо хүрлээ. Эрсдэл өндөр, шинэ маршрутаар 30 гаруй км зам туулж, 16 цагийн авиралт хийлээ. Энэ авиралт хэд хоногийн дараа Увс аймагт Хархираа уулсын ноён оргил Цагаан дэглийд болох Монголын уулчдын нэгдсэн алпиниад, мөн Цамбагарав хайрханд болох олон улсын уулчдын авиралтын өмнөх том сорилт боллоо гэсэн юм.
 
 
Уулчид энэ сарын 23-нд үндэсний алпиниадад оролцохоор Увс аймгийг зорино. Түүний дараа ирэх сарын 10-нд тус аймгийн Цамбагарав хайрханы оргилд гарах олон улсын аврилтад оролцоно.
 
 
Г.Энхжаргал (Ховд)
 
Эх сурвалж: