sonin.mn

 

Аливаа улс орон дэлхийд өөрийгөө таниулан сурталчлах хүч бяраа гайхуулах боломжийн нэг нь спорт юм. Манай орны тамирчид сүүлийн үед дэлхийд нэрээ дуурсгаж байгаа.
 
 
Тамирчдыг өсгөн өндийлгөх гол хүч нь дасгалчуулагчид гэдэгтэй хэн ч маргадгүй. Дасгалжуулагчид өнөөдөр номын дуу сонсож байна. Энэ үеэр Спорт бэлтгэлийн төвийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүүтэй уулзаж цөөн хором ярилцлаа.
 
 
-Үндэсний шигшээ багийн бүтэцд шинэчлэл хийсэн өөрчлөлтийн уур амьсгал мэдрэгдээд эхэлсэн байх?
 
-Шинэчлэл хийхийг зорьж байна. Бид шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ, сахилга дэг журмыг анхаарна, хариуцлагыг өндөрсгөнө.
 
 
-Монгол Улс дэлхийн болоод олон улсын тавцанд спортын хэдэн төрлөөр амжилт гаргаж байна вэ?
 
-Жүдо, чөлөөт бөх, буудлага, бокс зэрэг цөөн төрлөөр амжилт гаргаж байгаа ч сүүлийн үед шинэ төрлийн амжилт нэмэгдэж байна. Цаашид бусад олон төрлийг дэмжин ажиллах бодлого барьж байна. Манай улсад 60 гаруй спортын холбоо ажиллаж байгаа тул өөр олон боломж гарах байх.
 
 
-Манай улсын амжилт гаргаж байгаа төрөл нь уламжлалт наадам үндэсний онцлогтой холбоотой байх юм?
 
-Үнэхээр манай уламжлалтай холбоотой байгаа юм. Бөхөөр илүү их амжилт гаргаж байна. Манай улс олимп, дэлхийн аваргатай болсон гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Сүүлийн үед техник тал руу чиглэсэн шинэ спортууд гарч ирж байна.
 
 
-Усан спортод манайх амжилт гаргаж чадахгүй байна. Энэ талаар?
 
-Энэ талаар анхаарч байгаа. 18 аймаг есөн дүүрэг усан бассейтай болж байгаа. Энэ бол цагаа олсон зөв ажил. Ингэснээр хүүхэд бүр багаасаа усанд сэлж сурна. Усан спорт хөгжих гол үндэс эндээс бүрдэнэ гэдэгт найдаж байна.
 
 
-Манай улсад дөрвөн улиралд тогтмол ажилладаг мөсөн гулгуур байхгүй учир хоккейчид маш богино хугацаанд бэлтгэл хийдэг. Байнгын ажиллагаатай мөсөн гулгуур барих боломж байна уу?
 
-Битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбай барихад их хэмжээний мөнгө, хүч хөдөлмөр, техник хэрэгтэй. Доод сууринд хөргөлт хөлдөөлтийн том систем барихаас эхлээд амаргүй.
 
 
Гэхдээ барих санаа мэдээж байгаа. Бид энэ төрлийн тамирчдаа гадаадад бэлтгэл хийлгэж байгаа. Энд зарлагадах төсвийг энэ онд багтааж өгсөн нь бидэнд том дэмжлэг туслалцаа болж байгаа юм.
 
 
-Ойрын үед танай салбар гялалзсан амжилт гаргаж байна. Хэдэн төрлөөр ямар амжилт гаргав. Үүнийг дасгалжуулагчдын хөдөлмөр оролцоогүйгээр төсөөлөхгүй байх?
 
-Тийм ээ, дасгалжуулагчдын амжилт, хувь хүний хүчин чармайлт гарч байгаа юм. Он гарсаар дугуйн спортоор Д.Энхжаргал, мөн марафон гүйлтээр Б.Сэр-Од, жүдо бөхөөр Д.Төмөрхүлэг тус бүр Азийн аварга боллоо.
 
 
-Тамирчдын амжилт ямагт эх орны бахархал байдаг. Манай улс одоо хаана нэрээ дуурсгаж тугаа мандуулах бол?
 
-Буудлагын шигшээ баг Германы дэлхийн цомд явсан. Энэ сарын 23-нд ОХУ-ын Тюмень хотод дэлхийн гранпри тэмцээнд явна. Сочид олимпийн эрх авахын төлөө БНГУ-д 21 хоногийн бэлтгэл хийхээр долдугаар сард явна.
 
 
-Хамтарсан бэлтгэлүүдийг их хийж байгаа юу?
 
-Таеквэндогийн шигшээ баг Мексикт, боксчид ирэх сарын дундуур Молдав, Куба улсад хамтарсан бэлтгэл хийнэ. Боксын эх оронд бэлтгэл хийж байгаа нь завшаантай хэрэг. Мөн Куба улсад хоёр ч цуарал тэмцээнд манай тамирчид оролцох юм.
 
 
-Өнөөдөр танай дасгалжуулагчид ёс зүйн хичээл заалгаж байна. Энэ талаар ярина уу?
 
-Дасгалжуулагч хүн мэдлэг чадвараа дээшлүүлж хариуцлагаа өндөржүүлж байх ёстой. Мөн бид төлөвлөгөөтөй байж амжилтад хүрнэ гэж үзэж байгаа. Тиймээс "Зөв төлөвлөлт ажлын үндэс" сэдэвт сургалтад 17 төрлийн спортын 28 дасгалжуулагч сууж номын дуу сонсож байна. Хоёр хоногийн энэ сургалтаар бас ёс зүйн хичээл зааж байгаа. Тамирчид ёс зүйтэй байх нь тэргүүн зорилт юм.
 
 
-Манайхнаас олон улсын болоод дэлхийн дэвжээний шүүгч гарч ирэхгүй байх юм?
 
-Миний ажил биш гэлээ ч би сэтгэл гаргаж спортын бүх төрлийнхөнтэй энэ чиглэлээр ярьж үзсэн. Нэг талаас хүнээ сонгож чадахгүй, нөгөө талаас зөв хүнээ дэмжихгүй байна.
 
 
-Та өөрийн чиглэлээрээ өндөр зэрэглэлийн шүүгч бэлтгэхгүй байна уу?
 
-Бэлтгэсэн ч тэр тогтвортой ажиллахгүй юм байна. Цааш нь энэ талаар дэлгэрэнгүй ярих хүсэл алга. Надад харамсалтай л санагдаад байдаг. Ер нь хэрэгтэй үедээ хэрэглээд бусад үед нь мартдаг юм даа.
 
 
-Спорт хөгжихийн гол тулгуур юу вэ?
 
-Тамирчин, шүүгч, дасгалжуулагч нийлээд тулгын гурван чулуу болдог. Үүн дээр л тулгуурлаж хөгжих юм. Гэвч шүүгч тийм ч хангалттай бэлтгэгдэхгүй байгаа нь тулгын чулууны нэг давжаа байна гэсэн үг.
 
 
Сайн шүүгч гаргахад боломж, хувь хүний чадвар, авъяас хэрэгтэй. Миний хувьд ур чадвар мэдлэг, мэдрэмж, туршлагаараа туслахад бэлэн байгаа.
 
 
Бидийн ярилцлаа. Зургаан олимп, 30 удаагийн дэлхийн аваргын тэмцээн болон Ази Европын аваргын тэмцээнийг 45 удаа шүүж, тэр хэрээрээ дэлхийд Монголын нэрийг дуурсгаж явсан, дуурсгаж ч байгаа ОХУ-ын бөхийн холбооны шүүгчийн комиссын долоон гишүүний нэг энэ эрхэм залгамж халаа шүүгчийнхээ талаар ийн дуугарах бүрэн эрхтэй гэж бодном.
 
 
А.Байгалмаа
 
Эх сурвалж: