Саявтар болсон нэг үйл явдлыг үзэж амжаагүй ч уулзсан хүнээс асууж лавлахад ухаан бодол сорьсон, ойрын жилүүдэд байгаагүй чухал арга хэмжээ боллоо хэмээн олзуурхав. Энэ бол Булган аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Шинэ Булган" хөтөлбөрт "Шатар" дэд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын нээлт байв.
Вангийн хүрээний лам нар шатар тоглодог байжээ
Тэрхүү нээлт хөл хөдөлгөөнтэй болсон Ингэж хэлэхийн учир гэвэл шатрын хорхойтнууд энд ирцгээсэнд байлаа. Аймгийн албан байгууллага, агентлагийн хэлтэс, албадын дарга нар Засаг даргын хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг хүндэтгэн хамт олноо идэвхтэй оролцуулсан явдал юм.
Мөн сумдын ИТХ-ын болон Засаг дарга нар. сургагч багш, шатарчдынхаа төлөөлөлтэй хүрэлцэж ирсэн байна Энэ үеэр болсон сургалт семинарт сум бүрээс гурав, аймгийн төвөөс 20 гаруй xүн оролцож "Шатар" дэд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, олон нийтийн хөдөлгөөн болгож өрнүүлэх ажлын арга барилыг амьдралд хэрэгжүүлэх зөвлөмжийг хүлээж авчээ Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ Булган нутгийн шатарчдын талаар цухас өгүүлснийг олон нийт олзуурхаж сонслоо.
Шатар тоглож, уран нүүдэл хийж ухаан бодлоо тэлэх уламжлал тус аймагт байсан сүм хийд, . хүрээ, хуварга лам нарын дунд ч байжээ. Вангийн хүрээнд хурал номын айлтгал, сэтгэл санааны ариусгал бясалгал хийхээс гадна чөлөөт цагаараа шатар тоглож алдаршсан гавьж Түгж, цоохор Раднаа, халзан Лувсансүрэн, дуг Балжин, сахал Сэдэд, өндөр Бадрах, бүрхэг Дэндэв, Гиваа гэлэн гээд дурдаад байвал олон.
Булганчуудын бахархал болсон алдартны нэг Эрдэнэ дайчин Чинван Ханддорж шаггүй шатарчин байсан аж. Тийм ч учраас жил бүр түүний нэрэмжит тэмцээн Улаанбаатар хотод болдог, Аймгийн анхны наадмаар Сайханы өндөр Бадрах хэмээх хүн ухаан бодлоо уралдуулсан 32 шатарчны таваас бусад нь "мад" тавьж түрүүлж байсан бол улсын аварга шалгаруулах тэмцээнд 1948 оноос тус аймгийн олон шатарчид оролцож байсны дотор аав хүү хоёр аймгаа төлөөлөн гурван удаа хөлөг дээр оюуны хүчээ сорьж байжээ. Булганы шатарчдаас улсын дээд амжилт, анхдагч үзүүлэлт гаргаж байсан хүн ч цөөнгүй бий.
Хурууны “шаваа" буюу шатарчдын зэрэг тоглолт
Булганы шатрын хорхойтнууд спортын мастер, их мастертай хөлөг дээр оюун ухаанаа уралдуулан тоглох боломж энэ үеэр тохиожээ. Тэдний нэг нь Монгол Улсын шатрын их мастер Б.Хатанбаатар, олон улсын шатрын холбооны мастер Булганы уугуул Ч.Хүрэлбаатар нар байв.
Аймгийн төв хөдөөгийн 97 шатарчин хоёр мастертай зэрэг тоглосон нь адуутай, айрагтай нутгийнхны дунд байдаг "шавж хуруудах" хэмээх нэгэн наргиа наадаантай төстэй болов. Б.Хатанбаатартай 50 гаруй, Ч.Хүрэлбаатартай 40 гаруй шатарчин тийнхүү "шавж" зэрэг үзэлцсэн байна.
Тэдгээрээс аймгийн төвийн нэгдүгээр дунд сургуулийн Булгантамир, Мөнхбаяр, "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн Г.Ганшүр, нэгдсэн эмнэлэг, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрын Б.Цогтгэрэл, Н.Мөнхтуяа, Батчулуун, Могод сумын Мөнгөнхүү нар хожиж, Бугат, Могод, Булган сумын Оюунчимэг, Д.Загдаа, Наранбаяр, Ц.Лхагвасүрэн. Э.Энхтайван, Э.Эрдэнэбат нар тэнцсэн, бусад нь хожигджээ.
Зэрэг тоглогчдоос Б.Хатанбаатарыг гэхэд нэг хүн хожиж нэг нь тэнцсэн байна. Энэ бол их мастер хүн ийм байдгийг харуулж "Шатар" дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны нээлт урлаг соёлоор шоудалгүй харин ухаан уралдуулсан ажлаар шинэ амжилтад урин даллалаа. Чинван Ханддорж, цээжээр тоглодог Ч.Хүрэлбаатар шиг шатарчин болон гэсэн хүсэл Булганчуудад төрж эхэллээ.
Мастеруудын давтагдашгүй амжилт
Дээх хоёр шатарчин бол монголын шатрын түүхэнд давтагдашгүй амжилт үлдээсэн хүмүүс. Б.Хатанбаатар гэхэд манай улсаас төрсөн дэлхийн шатрын анхны их мaстер хүн. Улсын аваргад найман удаа шалгарч байв. Дэлхийн шатрын олимпийн хүрэл медальт гэдгээрээ ихэд бахархаж явдаг юм.
Мөн манай аймгийн Тэшиг сумын уугуул Ч.Хүрэлбаатар бол олон улсын шатрын холбооны мастер, Монголд анх удаа хөлөг харахгүйгээр цээжээр арван хүнтэй зэрэг тоглож байв. Энэ амжилт нь одоо ч эвдэгдээгүй.
Энэ тоглолтыг Улсын их сургуулийн дугуй танхимд улсын математикийн олимпиадад оролцогчид болон их сургуулийн залуу шатарчидтай хийсэн нь Монголын шатрын түүхэнд онцгой амжилтаар тэмдэглэгдэж үлдсэн хэмээн "Урамтай шатар" холбооны мастер, шатрын спортын дэд мастер Ж.Пүрэвсүрэн ярив.
Монголын шатарчдын бахархан дээдэлдэг энэ хоёр мастер тус аймагт ийнхүү хүрэлцэн ирж зохион байгуулсан ажилд оролцсон нь аймгийн Засаг даргын санаачилсан "Шатар" дэд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг гараанаас нь өргөн далайцтай болгоход чухал нөлөө үзүүллээ.
Бугатын захирлын самбаа
"Шатар" дэд хөтөлбөрийн сургагч багш нарын сургалт семинарын дараа Бугатын дунд сургуулийн захирал Ч.Алтанхүү орон нутагтаа урьжээ. Энэ нь зочлуулж зугаалуулах биш тодорхой ажил хийхэд оролцуулах гэсэн урилга байв.
Сум "Шатар" дэд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын нээлтийн ажиллагаанд оролцуулж 100 шатарчны тоглолт зохион байгууллаа. Мөн олон улсын шатрын холбооны мастер Ч.Хүрэлбаатар, шатрын спортын мастер, аймгийн 21 удаагийн аварга Ш.Дэчин нартай 30 хүнийг зэрэг тоглуулжээ.
Тус сургуулийн М.Оюунчимэг аймгийн төвд болсон зэрэг тоглолтод их мастер Б.Хатанбаатартай тэнцсэн бол энэ тоглолтод мөн мастер Ч.Хүрэлбаатартай тэнцсэн нь олонд таашаагдсан байна.
Самбаа гарган сургуульдаа энэ ажлыг өргөн хэмжээнд зохион байгуулж амжсан тус сургуулийн захирал Ч.Алтанхүү спортыг ямагт дэмждэг нэгэн. Тэрбээр Франц улсад мөдхөн болох теннисний тэмцээнд өөрөө зочноор уригдаж оролцох болжээ.
Хөлөг дээрх наадааныг хөгжүүлэх дэмжлэг
Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны нээлтэд оролцсон хүний нэг нь С.Энхцаг хэмээх ховорхон нэртэй хүн байв. Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, Монголын шатрын холбооны хяналтын зөвлөлийн дарга, дэлхийн шатрын холбооны гишүүн гээд олон албан тушаал, сонгуульт ажил үүрэг эрхэлдэг тэр шатрын тоглолт, уралдаан тэмцээнд зориулан есөн шатар, цагийг "Мон Кад" клубийн нэрийн өмнөөс өгсөн бол аймгийн удирдлагуудаас хөтөлбөр хэрэгжүүлж шатрын спортыг хөгжүүлэх ажлын дэмжлэгийн эхлэл болгож сум бүрт гардуулан өгсөн байна.
Түүнчлэн аймгийн сурагчдын шатрын шигшээ багийн сургалт дасгалжуулалтыг өргөтгөж чанаржуулах зорилгоор шатрын "Сөрт" клубт зориулалтын программ бүхий иж бүрэн суурин болон зөөврийн компьютер олгож шатарт хорхойсч явдаг хүүхэд багачуудыг баярлуулжээ. Энэ бол хөлөг дээрх тоглолтыг хөгжүүлж шатрын спортыг өргөжүүлэхэд анхан шатны чухал дэмжлэг боллоо.
Ж.Мөнх-Очир (Булган)
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
бид 10 анги төгссөнөөс хойш өнөө жил 40 дэхь жилийнхээ нүүрийн үзэж байна. Манай ангиас ОУ шатрын холбооны мастер Ч.Хүрэлбаатар, монголын шатрын мастер С.тунгалаг нар төрсөн юм. манай төгсөгчид иймд Хүрэлбаатарын бичсэн шатрын номын нээлтийг булганд зохион байгуулан, ивээн тэтгэж бүх шагналыг гаргаж, шатрын нас насны тэмцээн зохион байгуулсан. Энэ бол аймгийн засаг даргатай ямар ч холбоогүй цэвэр төгсөгчдийн санал санаачилга, оролцооны ажил шүү. цаашид бид жил бүр төрөлх сургууль аймаг орон нутагтаа жил бүр нэг ажил хийж байх болнго. а үсэг зурж алтан эрдмийн замд гарсаны 50 жил тохиож буй тул ирэх намар сургуулийн нээлтэд оролцож 1-р ангийн хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төрөлх аймгийнхаа Засаг даргыг бид танихгүй, барааг нь ч хараагүй харин Хүрэлбаатарын багш тул багш шавийн хувиар дэмжсэн байх аа.