sonin.mn

 

Английн нэр төрийг сүүлийн хоёр жилийн турш “Челси” клуб аварч байна. Лондоны баг өнгөрсөн улирлын яг энэ үед Аваргуудын лигийн цомыг асар их үнэ цэнээр өөрийн болгож байлаа. 
 
 
Харин энэ улиралд “Челси” клуб Европа цомд түрүүлж, буурал тивийг баясгасан нь аргагүй л топ клубийн зангаргыг харуулсан үйл явдал болсон билээ. Тэд өнгөрсөн намар Аваргуудын лигийн хэсгийн шатнаас мултарч, Европа цомд өрсөлдөхөөр болсон.
 
 
Хэрэв Аваргуудын лигийн хэсэгт гуравдугаар байрт бичигдвэл Европа цомын эрх тухайн клубт очдог. Энэ жишгээр “Челси”-гийнхэн Европа лигийн хасагдах шатнаас 80 гаруй клубтэй нэг гараанаас гарч, шигшээ тоглолтод хүрч ирлээ.
 
 
Голландын Амстердам Арена цэнгэлдэхэд Лондоны багийн өрсөлдөгч нь Португалийн “Бенфика” клуб байв. “Супер бүргэдүүд” энэ улирал тун ч өнгөтэй байгаа. Гэхдээ шигшээ тулаанд аль илүү сэтгэл зүй, бэлтгэл сайтай нь илүүрхдэг. 
 
 
Тэр ч үүднээс хоёр багийн тулаан хэдэн өдрийн өмнөөс л хөлбөмбөг сонирхогчдын ярианы гол сэдэв байсан юм. Тэд өнгөрсөн улиралд Аваргуудын лигийн шөвгийн наймд таарсан бөгөөд “Челси” нийлбэр дүнгээр 3:1-ээр дараагийн шатанд шалгарч байв.
 
 
Жилийн өмнөх хариугаа авах, цаашлаад Европа цомыг өргөхийг хүссэн “Бенфика”-д энэ бол том боломж. Гэвч “Челси”-г басамжилж болохгүй нь, тэдний энэ улиралд үзүүлж буй тогтвортой амжилт хэлж өгнө. 
 
 
Эхний үе “Бенфика”-гийн давамгайлал дор өнгөрсөн. Португалийн баг эхний 20 минутад л хаалга руу таван ч удаа цохиод амжив. Харин “Челси” нэг л болохгүй байгаа нь тоглолтын эхнээс анзаарагдаж байлаа.
 
 
Найруулагч Хуан Мата, дундын шугамын Рамирес, Давид Луйз нарын тогтворгүй тоглолт “Цэнхэрүүд”-ийг эхний үед унтаа байдалд оруулсан юм. Гэхдээ хоёрдугаар үед “Челси”-гийн дасгалжуулагч Рафаель Бенитез маш сайн зөвлөгөө өгсөн нь анзаарагдаж, Фрэнк Лэмпардаар ахлуулсан хөх өмсгөлтэй залуус довтолж эхлэв.
 
 
Хурдтай, сөрөг довтолгоонууд амжилтад хүрч байсны дүнд 60 дахь минутад Фернандо Торрес эсрэг багийн хамгаалагч Грэйг аргалж, хаалгачийн эсрэг ганцаараа гарснаар гоёмсог гоол хийлээ.
 
 
Харамсалтай нь “Челси”-гийн гоол орсноос 10 минутын дараа “Бенфика”-гийн Оскар Кардоса пеналть цохисон нь амжилттай боллоо. “Челси”-гийн баруун арын хамгаалагч Цезар Азпиликуэта гар хүрсэн учир шүүгч эргэлзээгүй торгуулийн цохилт заасныг “Бенфика” тэр даруй ашигласан нь энэ байлаа. 
 
 
Хоёр багийн ээлжилсэн довтолгоо аюул тарьж байсан ч хараахан гоол оролгүй байсаар үндсэн цаг өндөрлөхөд ердөө нэг минут үлдэх мөчид тулж ирлээ. Рамиресийн авч ирсэн хамгийн сүүлчийн булангийн цохилтыг “Челси” хийхээр болж, Хуан Мата намуухан хөөргөж өгсөн дамжуулалтыг эвлэгхэн цохив.
 
 
Энэ л үед хамгаалагчдаас суларсан байсан Бранислав Иванович тун хянуур мөргөж, хаалгачийн алсын буланд гоолдлоо. Энэ гоол цаг дуусч байхад орсон тул ялагчийг тэр даруй л шийдсэн. “Челси”-гийн фанатууд дуугаа дуулж, тоглогчид хагартлаа баярлаж байх зуур“Бенфика”-гийн залуус сэтгэлээр унаж, фэнүүд нь уйлж байлаа.
 
 
Хэдийгээр сүүлчийн довтолгоо хариугүй гоол болох дөхсөн ч “Челси”-гийн Гари Кэхилл хаалганаас зайлуулж дөнгөв. Шүүгч эцсийн шүглээ үлээх мөчид Лондоны багийнхан баяраа тэмдэглэж, мөрөөдлийн үдшийн оргил мөчөө тосон авсан.
 
 
Амстердам Аренад цугларсан 10 мянган дэмжигч багаа уухайлан, урьд нь хэзээ ч авч байгаагүй Европа цомыг сэтгэл зүрхээрээ өөд нь өргөлөө. “Челси” энэ цомд түрүүлснээр Европын тавцанд сүүлийн 10 жилийн хугацаанд 12 дахь шигшээ тоглолтыг хийсэн түүхэн амжилтын эзэн болов.
 
 
Мөн Аваргуудын лигийн цомыг хүртсэний дараа жил Европа цомд түрүүлсэн хачирхалтай үзүүлэлтийг эзэмшихээр боллоо. Энэ тоглолтод “Челси”-гийн ахлагч Жонн Терри, баруун жигүүрийн хагас хамгаалагч Эден Хазард нар бэртлийн улмаас оролцоогүй.
 
Гэхдээ л бүтэн 90 минутын турш нэг ч сэлгээ хийлгүй тоглосон “Челси” клуб зорьсондоо хүрч, хүсэн хүлээсэн цомоо гэрийн зүг авч одлоо. 
 
 
Т.Батсугар 
 
Эх сурвалж: