Олимпийн таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөлөө. Спортын төв ордонд болсон тэмцээнд бага, өсвөр насны тамирчид хурд, хүчээ сорьж аваргуудаа тодруулжээ.
23 байгууллагын эрэгтэй 223, эмэгтэй 108 тамирчин бага насанд долоо, өсвөрийнхөн 12 жинд өрсөлдсөн байна. Тэмцээнд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Хөтөл, Багануур, Замын-Үүд, Налайхын тамирчид оролцжээ.
Энэхүү тэмцээн нь Монголын таеквондогийн холбоо дэлхийн холбоонд элссэн 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 4000 гаруй хүүхэд залуус таеквондогоор хичээллэжээ. Таеквондогийн олон улсын анхны медалийг 1995 онд “Арслан” клубын тамирчин Б.Чулуун Бельги Улсын Херинталст болсон тэмцээнээс хүртсэн түүхтэй.
Өнөөдрийн байдлаар таеквондогийн тамирчид олон улсын тэмцээнээс 99 алт, 56 мөнгө, 148 хүрэл медаль хүртээд байна. Монголын таеквондогийн холбоо энэ онд 10 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний дөрөв дэх нь энэ тэмцээн юм.
Он гарсаар Хөтөл, Багануурын цом болон насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, шинэ аваргуудыг тодруулжээ. Холбооноос ирэх сард Цэргийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн БНСУ-ын Элчин сайдын яамны нэрэмжит болон Хангайн бүсийн тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байгаа аж. Улмаар тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаас шалгаруулж, БНСУ-ын Чэжү, Чуньчон, Мужу зэрэг аймагт зохиогдох “Korea open”, “Таеквондо экспо” зэрэг тэмцээнд оролцох эрх олгохоор болжээ.
Мөн Таиланьд Улсын Бангкок хотод болох Азийн хүүхдийн зуны цугларалтад оролцох залуу тамирчдыг сонгон шалгаруулж, олон улсын тамирчидтай тулалдуулан туршлага судлуулахаар зэхэж буйгаа холбооныхон дуулгалаа.
Үүний зэрэгцээ тэмцээнийг будилаангүй зохион байгуулахын тулд Дэлхийн таеквондогийн холбооны дүрмийн өөрчлөлтийн дагуу тоглолтуудыг видео камераар хянаж байгаа ажээ.
Энэ нь тэмцээн зохион байгуулагчдын ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ маргаан гарсан тохиолдолд хянан шийдэхэд тус болж байгаа гэлээ. Бага болон өсвөр насны жин тус бүрийн аваргуудыг танилцуулъя.
Бага нас:
Эрэгтэй
П.Дүүрэнжаргал /25 кг/
Г.Энхбаяр /29 кг/
Э.Цог /33 кг/
Г.Баттулга /38 кг/
Б.Хүсэлбаатар /+38 кг/
Эмэгтэй
Г.Ганболор /36 кг/
Т.Энхжин /39 кг/
Өсвөр нас:
Эрэгтэй
Г.Одбаяр /36 кг/
С.Батхүү /40 кг/
Н.Энхжаргал /44 кг/
Ц.Сүхболд /48 кг/
Б.Баттогоо /55 кг/
Д.Очирбал /63 кг/
Б.Золбоо /73 кг/
Эмэгтэй
Т.Сарангуа /41 кг/
П.Номинчимэг /44 кг/
З.Намуундарь /49 кг/
Б.Хандармаа /55 кг/
С.Уранбилиг /63 кг/
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
taekwondo mandtugai