sonin.mn

 

Спортыг хүмүүс ерөнхийдөө эрүүл амьдрах хэв маяг, цагийг зугаатай, ашигтай өнгөрүүлэх арга эсвэл биеийн галбираа алдахгүй, жин барихад тустай хэрэгсэл хэмээн хүлээн авдаг. Гэвч зарим хүний хувьд спорт нь ажил, мэргэжил, ашиг орлогоос нь ч илүү чухал зүйл байдаг.
 
 
Хүмүүс спорт гэх аугаа зүйлд эргэлт буцалтгүйгээр татагдан орж, дур хүсэл, шаргуу хөдөлмөрийнхөө ачаар дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн алдартан, олон сая шүтэн бишрэгчдийн шүтээн, их хэмжээний мөнгөний эзэн болж чаддаг. Өнгөрсөн сард “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян тамирчдын жагсаалтыг шинэчлэн гаргасныг Танд сонирхуулъя.
 
 
 
10. ПЕЙТОН МЭННИНГ 
 
Пейтон 1976 оны гуравдугаар сарын 24-нд төрсөн. Америкийн хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн алдартай, чадварлаг тамирчнаар тодроод буй. Пейтон нь хөлбөмбөгийн лигийн “MVP” өргөмжлөлийг дөрвөн удаа хүртсэн Үндэсний хөлбөгийн лиг дэх цор ганц тамирчин.
 
 
Түүний нэг жилийн орлого 42.4 сая ам.доллараар тоологддог агаад 34 сая нь цэвэр цалингийн орлого аж. Харин үлдсэн орлого нь “Reebok”, “Sony”, “Wheaties”, “DirecTV”, “Gatorade” зэрэг алдартай брэндтэй хамтран ажилласны урамшуулал юм байна. 
 
 
 
9. КРИШТИАНУ РОНАЛДУ
 
Тэрбээр 1985 оны хоёрдугаар сарын 5-нд төрсөн. Португалийн Реал Мадрид клубын хөлбөмбөгийн багийн тоглогч. Дэлхийн хамгийн шилдэг, авьяаслаг хөлбөмбөгчдийн нэг хэмээн тооцогддог.
 
 
Мөн дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин гэгддэг. Роналдугийн жилийн орлого 42.5 сая ам.доллар. Үүний 20.5 сая ам.доллар нь түүний үндсэн цалин бөгөөд 22 сая. ам. долларыг “Nike”, “Castrol”, “Konami” зэрэг брэндтэй хамтран ажилласан гэрээнээс халаасалсан байна. 
 
 
 
8.ДЭВИД БЕКХЭМ
 
Бекхэм 1975 оны тавдугаар сарын 2-нд мэндэлсэн. Францын “Пари Сен-Жермен” хөлбөмбөгийн клубын тоглогч. Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн аугаа тоглогчдын нэг, Английн хөлбөмбөгийн багийн дээд амжилтын эзэн.
 
 
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлийн өдөр “Пари Сен-Жерментэй” таван сарын гэрээ хийсэн юм. Гэхдээ тэрээр клубээс авах бүх цалингаа буяны байгууллагуудад шилжүүлнэ гэдгээ онцолсон аж. Түүний нэг жилийн орлого 46 сая ам.доллар. Тэдгээрээс ердөө есөн сая нь гэрээний дагуух үндсэн цалин аж.
 
 
Харин үлдсэн орлогыг төрөл бүрийн арга хэмжээ болон “Burger King”, “Sainsbury”, “Samsung” зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж олсон байна. Түүнийг 2012 онд Лондонгийн Олимпийн хүндэт элчээр зарлах үеэс хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрт “дарагдсан” гэдэг. 
 
 
 
7.ФИЛ МИКЕЛЬСОН
 
Фил 1970 оны зургадугаар сарын 16-нд төрсөн. Гольфийн мэргэжлийн тоглогч. Тэрбээр PGA / мэргэжлийн гольфчдийн тэмцээн/-д 40 удаа ялалт байгуулж, дэлхийн аваргын титмийг дөрвөн удаа хүртсэн амжилтаараа дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн алдартан болж чадсан.
 
 
Түүний жилийн орлого 47.8 сая ам.доллар бөгөөд үндсэн цалин нь ердөө 4.8 сая бол 43 саяыг “Callaway”, “Барклай”, “KPMG”, “Exxon”, “Rolex”, “Amgen” / Pfi zer нартай хамтран ажиллаж олдог байна. 
 
 
 
6. КОБИ БРАЙНТ
 
Коби 1978 оны наймдугаар сарын 23-нд мэндэлсэн. Сагсан бөмбөгийн нэрт тамирчин маань довтлогч, хагас хамгаалагчаар тоглодог. НБА-гийн таван удаагийн аварга, НБА-гийн хамгийн үнэтэй тамирчнаар хоёр удаа шалгарсан, Олимпийн хоёр удаагийн аварга.
 
Карьерын бүхий л үед зөвхөн “Лос-Анжелес Лейкерс” клубт хүчин зүтгэж буй тамирчин. Түүний жилийн орлого 52.3 сая ам.доллар бөгөөд үндсэн цалин нь 20.3 сая ам.доллар. Харин үлдсэн 32 сая ам.долларыг сурталчилгааны ажлаас халаасалдаг байна. 
 
 
 
5. РОЖЕР ФЕДЕРЕР
 
Дэлхийн хамгийн баян, өндөр орлоготой тамирчдын жагсаалтын айргийн тавд Рожер Федерер бичигджээ. Тэрбээр 1981 оны наймдугаар сарын 8-нд төрсөн. Өнөөдрийн байдлаар, дэлхийн шилдэг теннисчдийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж буй тамирчин.
 
 
Дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээн бүрт асар олон амжилт гаргасан бөгөөд теннисний хамгийн аугаа тамирчин гэгддэг. Түүний нэг жилийн орлого 52.7 сая ам.доллар агаад ердөө долоон сая нь үндсэн цалин. Харин бусад 45 сая ам.долларыг сурталчилгаанд тоглосны хөлс, бусад тэмцээнд ялалт байгуулснаар халаасалдаг аж. 
 
 
 
4. ЛЕБРОН ЖЕЙМС
 
Ялагдашгүй хочит Лейброн 1984 оны арванхоёрдугаар сарын 30-нд төржээ. Сагсан бөмбөгийн “Майами Хит” багийн тамирчин. Олимпийн хоёр удаагийн аварга, “НБА” -ийн аварга. Жилийн нийт орлого нь 53 сая ам.доллар бөгөөд үүнээс 13 сая нь үндсэн цалин аж.
 
 
Харин үлдсэн 40 сая ам.долларыг “Nike”, “McDonald `s”, “Coca-Cola”, “State Farm” болон бусад алдартай компанитай байгуулсан гэрээний дагуу олдог байна. Тэрбээр сурталчилгааны ажилд “НБА”- ийн бусад оддоос хамгийн эрэлттэй нь аж. 
 
 
 
3. ТАЙГЕР ВУДС 
 
Тайгер 1975 оны арванхоёрдугаар сарын 30-нд мэндэлжээ. Тэрбээр 2000 ба 2001 оны шилдэг тамирчин өргөмжлөлтэй. “Мэйжор”- ын тэмцээнүүдийн түүхэнд хамгийн олон ялалт /14/ байгуулсан хоёр дахь тамирчин хэмээн тэмдэглэгдсэн байдаг. “PGA”-ийн тэмцээнүүдэд 75 удаа ялалт гаргажээ.
 
 
Тэрбээр дэлхийн хамгийн баян тамирчдын сүүлийн жилүүдийн жагсаалтад тогтмол дээгүүр байр эзэлж буй. Тайгер энэ жил “Tag Heuer” болон “Gillette” брэндтэй хамтран ажиллах гэрээгээ сунгаж чадаагүй хэдий ч уг жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна.
 
 
Түүний жилийн орлого 59.4 сая ам.доллар. Үүнээс үндсэн цалин нь 4.4 сая ам.доллар бөгөөд үлдсэн 55 сая ам.долларыг сурталчилгааны ажил болон бусад тэмцээнд ялалт байгуулж олдог байна. 
 
 
 
2. МЭННИ ПАКЬЯО
 
Тэрбээр 1978 оны арванхоёрдугаар сарын 17-нд төрсөн. Мэргэжлийн боксчин. Дэлхийн олон удаагийн аварга, үй олон тэмцээний ялагч. Мэннигийн жилийн орлого 62 сая ам.доллар бөгөөд 56 сая ам.долларыг үндсэн цалин болон шагналын мөнгө бүрдүүлдэг. Харин “Monster Energy” ба “Hennessy” компаниудтай хамтран ажиллаж зургаан саяыг олдог байна. 
 
 
 
1. ФЛОЙД МЭЙУЭТЕР
 
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн баян, өндөр орлоготой тамирчин Флойд Мэйуэтер. Тэрбээр 1977 оны хоёрдугаар сарын 24-нд төржээ. Мэргэжлийн боксчин, хагас хөнгөн жинд хүч үздэг. Хэд хэдэн жинд нэг бус удаа дэлхийн аварга болж байсан.
 
 
Түүний жилийн орлого 85 сая ам.доллараар тоологдсон агаад Виктор Ортисын эсрэг тулаанд ялалт байгуулан 40 сая ам.доллар, мөн Мигеля Коттог ялж 45 сая ам.долларын урамшуулал хүртсэн байна.
 
 
Эх сурвалж: