sonin.mn

 

Энэтхэгийн бөхчүүдийн бие бялдрын хөгжилт бэлтгэлжилтийг бид судлах боломжгүй ч миний бие 1993-1995 онд Энэтхэг Улсын шигшээ багт ажиллаж байхдаа бөхчүүдийн бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийн талаар хийсэн судалгааг өнөөгийн бөхчүүдийнхтэй харьцуулан харахад үнэхээрийн гайхалтай үзүүлэлтүүд харагдаж байна.
 
 
Жин болон жин хасах тухай
 
Жин хасах тогтолцоог болиулах олон улсын хэм хэмжээнд тавигдсан шаардлагыг биелүүлэх, энэ нь тухайн бөхийн эрүүл мэндийн асуудлаас гадна хэн өөрийн жиндээ ур чадвар, хүч чадлаа бодитоор үзүүлж байх хүн ёсны чанар, багш дасгалжуулагч, тамирчдын болон бусад хүмүүсийн хоорондын харьцаа, үйл ажиллагаанд сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд хүндрэлтэй болгодог учраас бусад орны жишгээр аль болохоор жин хасах ажлыг болиулах хэрэгтэй байна.
 
 
Жин хасахын хор холбогдлын талаар ойлголтыг сайн сурталчлах цаг болжээ. Үүнийг олон улсын дүрэмд дөрвөн кг-аас дээш илүү жин хасуулахгүй байх ёстой гэсэн шаардлагыг биелүүлдэг болгоё.
 
 
Энэ удаагийн үзүүлэлтээс харахад: Монголын бөхчүүдийн эхний оноо авах хугацаа, оноо, мэх, мэхийн хувилбараараа бусад орны бөхчүүдээс илүү сэтгэлгээ нь олон хувилбартай, хурдтай байсан нь сайшаалтай байна. Бидэнд их боломж харагдаж байна.  
 
 
Дээрх судалгаанаас дүгнэхэд: Гадаадын бөхчүүдийн бараг 80 хувь нь хөл авах, тойрч, баруун хөл авдаг бөх, зүүн талд толгой дотуур хөл авах, шилжүүлэх, хамж хөл авах, хэвтээд накат хийх зэрэг цөөн тооны мэх, мэхийн хувилбартай, аргацаасан барилдааныг хийж байхад Монгол, Энэтхэг, БНАСАУ-ын баг тамирчдын хувьд арай өвөрмөц мэх, мэхийн хувилбаруудыг хийж байгаа нь амжилтын нэг үндэс байсан гэж хэлэх байна.
 
 
Учир нь судалгааны байдлаас харахад Монголын бөхчүүд хөлийг толгой гадна, дотуур авахаас гадна, Монгол үндэсний бөхийн зарим мэх, мэхийн хувилбаруудыг ашиглаж барилдсан нь ихээхэн үр дүнтэй харагдав. Гэхдээ улам баталгаажуулж дархан болгох шаардлагатай.
 
 
Энэтхэгийн бөхчүүдийн хувьд тэвчээртэй, тайван. бяртай, бяр дагаж зоригтой, сэтгэл зүйн хувьд илэрхий итгэлтэй, сугадаж, эгзэгтэй үед хөлийг чадамгай авч байгаа, хөлийн хамгаалалт, тэнцвэр маш сайн, хүчний асар их бэлтгэлжилт хийдэг нь ялалтын үндэс байлаа.
 
 
Харин БНАСАУ-ын бөхчүүдийн хувьд унаа холтой, урт чацтай, тайван, хийх мэх нь найдвартай, барьц сайтай, уян хатан тэмцэлтэй чанарууд н ь ялалтад хүргэж байсан. Энэ гурван орноос бусад орны хувьд хөл авахаас өөр мэх, мэхийн олон талт хувилбар гаргаж чадахгүй, аргацаасан байдлаар барилдаж байсныг хэлэх байна.
 
 
Бөхчүүдийн бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийг миний боловсруулсан дэлхийн түвшингийн үзүүлэлтэд хүргэчихвэл Азид төдийгүй дэлхийн аваргаас 2-3 медаль авах боломж харагдаж байна.
 
 
Энэхүү харьцуулсан судалгаагаар 1813-1968 он, 1960-1980 он, 1983-1996 он, 1990-2013 он хүргэлх үеийн хамгийн хүнд дунд жингийн 1-2 бөхийн бие бялдрын хөгжилтийн үзүүлэлтийг харьцуулан судалж үнэлэлт дүгнэлт өгч байна.
 
 
Энэ удаа зөвхөн азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон гурван бөхийн үзүүлэлттэй харьцуулан дүгнэсэн болно. Харин чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн бүх тамирчид дээр энэхүү судалгааг үзүүлэлтээр нэг бүрчлэн гаргах ба миний энэхүү харьцуулсан судалгаагаар чөлөөт бөхийн тамирчдын амжилтыг ирэх 2014 оны дэлхийн аварга, 2016 оны Бразилийн олимпийн наадамд оролцох бөхчүүдээс медальт тамирчдыг төрүүлэх үндэсдавигдана гэдгийг баттай хэлэх байна.
 
 
Зөвхөн энэхүү боловсруулсан бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийн тодорхойлсон түвшин, хэмжээнд хүргэх аргачлалыг манай багш дасгалжуулагчид үнэнч шударгаар хэрэгжүүлэх л шаардлагатай. Энэхүү үеийн шинжлэх ухааны ололт технологитой хослуулан боловсруулж гаргах болно.
 
 
Энэ бол бидний дэлхийд ялалт байгуулах, дэлхийн шилдгийг төрүүлэх их хөрөнгө байх ёсгой. Үүнийгээ үнэлэх л үлдэж байна. Дээр нь хатуу чанд сахилга бат өөрсдийн ур чадвар, урлаг, оюун ухаан, сэтгэлгээнд итгэх, урамших хэрэгтэй байна.
 
 
Бидэнд асар их боломж байгааг энэхүү тэмцээнд судалгаа хийж байхдаа нууцхан бахархаж суулаа. Амжилт зөвхөн бидний гарт байгааг олж харсандаа баярлаж байна.
 
 
Сайн зохион байгуулалт, хатуу чанд сахилга бат, үндэсний бөхийнхөө мэхүүдийг дархан болгож бяр тэнхээг хоёр дахин нэмэгдүүлэхэд хүссэн амжилт өмнө маань бэлэн байна. Харин бэлтгэлийн ачаалал, эрчмийг хариуцлагатай тэмцээний өмнө нарийн тохируулж сурах асуудалд онцгой анхаарах шаардлагатай.
 
 
Бид олж авсан бэлтгэлжилтээ алдалгүй тэр хэвээр нь хадгалж оролцох гэдэг хамгийн чухал асуудал юм. Бид бусдаас харж бусдыг дууриаж суух биш харин бид бусдад гайхуулах бүх гайхамшиг байгааг ил гаргаж бусдыг дагуулах цаг ирнэ гэдэгт итгэж байна.
 
 
Бид эхнээсээ бөхчүүдийг нарийн судалж шилэн сонгож авахаас бидний үндсэн ажил эхлэх ёстой. Зөв сонгосон хүүхэд залуучууд маань богино хугацаанд амжилт үзүүлэх боломжтойг багш дасгалжуулагчид онцгой анхаарах ёстой.
 
 
Хоол хүнс тэжээлийн хэрэглээнд цаашид анхаарах зүйлс:
 
Энэтхэг улсын хүн амын 70 хувь мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, тэр тусмаа тамирчид ч хэрэглэдэггүй, өнөөдөр хамгийн өндөр амжилт гаргаад байгаа бөхийн чөлөөт барилдааны Энэтхэгийн бахархал болсон 2008 оны Бээжингийн олимпийн хүрэл медальт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, 2010 оны Москвагийн дэлхийн аварга, 2009 оны дэлхийн аваргын хүрэл медальт Сушил Кумар гэдэг бөх ногоон хоолтон бөгөөд тэр дэлхийн хамгийн хүчтэй бөхчүүдийн тоонд орж байна.
 
 
Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилт гаргасан Энэтхэгийн бөхчүүд /эрэгтэй, эмэгтэй/ бүгд бяр ихтэй, суурь сайтай, мэхээ хийхдээ оновчтой, тэгэхлээр мах идснээрээ ч сайн барилддаг гэсэн ойлголт бол хамгийн хуучирсан сэтгэлгээ юм.
 
 
Монгол хүний бие организмд махгүй л бол амьдарч болохгүй юм шиг ойлголт олон зуун, мянган жилээр үргэлжилж хэрэглэсээр ирсэн ч үнэндээ манай өвөг дээдэс мах, махан бүтээгдэхүүнийг улирлын чанартай хэрэглэдэг, бусад улиралд нь цагаан идээгээ хэрэглэж биеэ эрүүлжүүлдэг, эмчилдэг, хүч тамир, тэнхээгээ сэлбэх уламжлалтай байсан. Өнөөдрийн тамирчдын хувьд хөдөлмөр хийж хөлс урсгалт нь багадаж хоол хүнс хэрэглэлт нь илүүдэж байгаагийн шинж тэмдэг илэрч байна.
 
 
Цаашид анхаарах хүчин зүйлс:
 
1. Барилдааны энэ удаагийн дүрмийн шаардлага бол зөвхөн ургашаа явж давшиж баридлдхаас өөр аргагүй байдалд хүргэж байсан нь аргалах гэсэн хуурамч үйлдэл үзүүлэх боломжгүй болгож байснаараа онцгой ач холбогдолтой байв.
 
 
2. Хэн шударга барилдана түүнийг үнэлэх тэр байдал руу чиглэсэн дүрмийн шаардлагад манай бөхчүүдэд таатай нөлөөлсөн байх талтай.
 
 
3. Гэхдээ манай тамирчдын хувьд Энэтхэгийн багийг долоо, Ираны багийг таван онооны зөрүүтэй алдаж гуравдугаар байрт шалгарсан бол эмэгтэй баг 1 -2 онооны зөрүүтэй эхний хоёр улсаа алдсан нь Азийн аварга болоход ойрхон байгаа нь илт байна.
 
 
Дүгнэхэд:
 
1. Энэ удаагийн тэмцээнээс 2016 оны олимпийн наадамд оролцох баг тамирчдыг бүрдүүлэх анхны алхмууд хийгдэж байгаа нь ажиглагдаж байна. Энэтхэгийн багаас бусад улсын баг тамирчид 50 хувийн харьцаатай холимог багийн бүрдүүлж илгээсэн байна.
 
 
Ялангуяа БНАСАУ-ын болон Энэтхэгийн зарим бөхчүүд ирээдүйтэй залуу өвөрмөц барилдаануудтай тамирчид байсан нь сонирхол татаж байна. Тэдний талаар цаашид олон тэмцээнд ажиглалт хийх шаардлагатай.
 
 
2. Тамирчдын хоол, хүнс, тэжээлийн зохицуулалт хийх, тамирчдын хувьд гэдсээ дүүртэл идэхдээ гол биш хамгийн хэрэгцээт бодисууд /уураг, амин дэм, кальци/-аа шууд эсийн түвшинд хүрч үйлчлэн нөлөөлдөг баталгаажуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг судлан хэрэглэх, зөв хоололтыг мөрдөх нь амжилтанд шууд нөлөөлж байна.
 
 
Бид Монголын тамирчдад тусгайд нь зориулсан үндэсний хоол хүнсний менюг боловсруулах, брэнд бүтээгдэхүүнийг бий болгох асуудлыг эрдэмтэн судлаачид хамтран судлаж бий болгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
 
 
3. Азийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнээс Азийн бөхчүүдийн ерөнхий түвшинг олж харснаас гадна цаашид Монгол бөхчүүдийг хэрхэн бэлтгэх арга ухааныг тогтоож чадсанд энэ удаагийн судалгаа хийсний ач холбогдол оршиж байна.
 
 
4. Энэхүү боловсруулж байгаа судалгаанууд нь зөвхөн бөхийн төрлүүд төдийгүй бусад бүх төрлүүдийн тамирчдын амжилтыг ахиулах үндэслэл болно гэдэгт итгэж байна.
 
 
Энэ нь ямар ч тамирчдыг бие бялдар, техник, тактик, сэтгэл зүй,зоргийн чанарыг дэлхийн түвшинд хүргэх хэм хэмжээг мэдэж дүрмийн шаардлагад зохицсон сургалт дасгалжуулалтыг төлөвлөх, удирдах, шилэн сонголтыг зөв хийх, бэлтгэх уламжлалт өвөрмөц аргачлалыг судалж загварчлалыг тогтооход чухал үр дүнтэй болно.
 
 
Л.Ням /Доктор, профессор, Энэтхэгт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон чөлөөт бөхийн багийн ахлагч/