Энэ оны жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны жүдо бэлтгэлийн зааланд хоёр өдрийн турш явагдаж, ням гарагт аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 77 байгууллагын эрэгтэй эрэгтэй 10, эмэгтэй 14 баг оролцсон юм.
Энэ оны өсвөрийн аваргын эрэгтэй багийн төрөлд аваргын алтан цомыг Ц.Шийрэв, С.Чинсанаа дасгалжуулагчтай “Хонгор нутаг” дэвжээний баг тамирчид хүртэж, Улаанбаатарын баг, тамирчдаас хол тасархай манлайллаа.
Харин мөнгөн медалийг Г.Эрдэнэбат, З.Сүхчулуун дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургууль хүртэв. Төрөлжсөн сургалттай тус сургууль Спортын төв ордонд байрладаг бөгөөд тус сургуулиас жүдо бөхийн олон арван алдар, цуутай бөхчүүд төрөн гарсан түүхтэй.
Тиймдээ ч З.Сүхчулуун дасгалжуулагч “нутгийнхаа” дэвжээн дээр мөнгөн медалийн эзэн болсон юм. Хүрэл медалийг Л.Лувсандэмбэрэл дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг, Ш.Бат-Орших дасгалжуулагчтай “Хангарьд” клуб тус тус хүртэж эрэгтэйчүүдийн төрөлд цахиур хагалав.
Энэ оны өсвөрийн УАШТ-д зодоглосон багууд анх удаа шагналт байрт шалгарсан нь сонирхолтой үйл явдал боллоо. Энэ оны тэмцээнд эмэгтэй 14 баг оролцож, эрэгтэй багаас тооны хувьд олон барилдаан өрнөсөн.
Ширүүн өрсөлдөөн дундаас жил бүр өсвөрийн аваргад амжилт гаргадаг уламжлалтай болоод буй ХУД-ийн “Женко” клубийн бөхчүүд аварга цолны болзол хангасан юм. Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай ХУД-ын “Женко” клубын хувьд залуучууд, идэрчүүдийн УАШТ-д мөн өндөр амжилт гаргасан.
Мөнгөн медалийг М.Батнасан дасгалжуулагчаар ахлуулсан төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургууль хүртэж, эрэгтэй багийнхантайгаа амжилт зэрэгцэв.
Хүрэл медальд Д.Алтантуяа дасгалжуулагчтай “Боржин төв” дэвжээ, Б.Батдэлгэр даслгалжуулагчаар удирдуулсан Архангайн “Гурван тамир” дунд сургууль тус бүр шил даран байр эзэллээ.
Тэмцээний дараа Монголын Жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М.Бөхбат үг хэлсэн бөгөөд тэрбээр “Өсвөрийн аваргад түрүүлсэн баг тамирчид АНУ-ын сорилго тэмцээний бэлтгэлд хамрагдах эрх болон Хайнаньд амрах эрхээр тус тус шагнаж байна.
Жүдо бөхийн хөгжлийн амин судас нь ирээдүй болсон өсвөрийн тамирчид байдаг билээ. Манай улс жүдо бөхөөр тогтмол олон жил амжилт гаргахад хүүхэд залуусын идэвх зүтгэл хэрэгтэй. Тиймдээ ч өсвөрийн тамирчдад онцгой анхаарал хандуулах нь чухал” гэсэн юм.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0