sonin.mn
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 3x3 төрлийн 2021 оны “Дэлхийн мэргэжлийн топ - 30 баг”-ийн чансааг зарлажээ.
Үүнийг тодруулбал, Серби - 5 баг, Монгол - 3 баг, ОХУ - 3 баг, АНУ - 2 баг, Латви - 2 баг, Словени - 2 баг, Япон - 2 баг, Нидерланд - 1 баг, Канад - 1 баг, Литва - 1 баг, Швейцар - 1 баг, Саудын Араб - 1 баг, Чех - 1 баг, Бельги - 1 баг, Франц - 1 баг, Австри - 1 баг, Унгар - 1 баг, Филиппиний - 1 баг тус тус оржээ.
“Токио-2020” олимпын цикл дууссанаар FIBA бодлогодоо өөрчлөлт оруулсны дотор олон улсын тэмцээний оноо болон дотоодын тэмцээний онооны зөрүүг их болгож олон улсын тэмцээний ач холбогдлыг бүр өндөрсгөсөн байна. Өмнө нь Монголын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи” баг “Tоп 30 баг” жагсаалтад багтаж байсан.
Харин энэ удаа залгамж халаа бэлтгэх бодлогын хүрээнд FIBA-гийн хөгжлийн хөтөлбөр U23 үндэсний лигт хоёр жил оролцсоны үр дүн гарч, Монголоос гурав дахь баг “Зайсан ММС Энержи” баг“Tоп 30” багийн жагсаалтын 28 дугаарт эрэмбэлэгджээ.
 
 
 
Ийнхүү “FIBA 3x3 Pro TOP-30” жагсаалтад 5 багтай Сербийн дараа Монгол Улс, хөрш ОХУ-ын хамтаар дэд байрт эрэмбэлэгдэж байна.
 
 
 
Ташрамд дуулгахад, Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эмэгтэй багийн 4 эрхийг ОХУ, БНХАУ, Румын, Монгол улсууд авсан бол эрэгтэй 4 эрхийг Серби, ОХУ, БНХАУ, Япон улсууд аваад байгаа. Монголын эрэгтэй баг чансаагаараа эрхээ авах болзол хангасан ч зохион байгуулагч орны багийн хувьд Япон эрх авснаар манай баг эрхгүй хоцорсон юм.
Харин одоо үлдсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 4 эрхийн төлөөх 2 тэмцээн болно. Эхний тэмцээн тавдугаар сарын 26-30-нд Австрийн Граз хотод Дэлхийн шилдэг 20 баг тоглох ба эхний 3 байранд орсон багууд олимпын эрхээ авна. Тус тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг тамирчид чансааг тэргүүлж А хэсгийн 1 дэх багаар эрэмбэлэгдсэн.
Түүнчлэн зургадугаар сарын 04-06-нд Унгарын Дебрецен хотод 6 баг өрсөлдөж нэг нь эрхээ авна. Энэхүү тэмцээнд 2012 оны Лондон, 2016 оны Риогийн олимпод сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй аль ч төрөлд оролцоогүй 3х3 сагсан бөмбөгийн чансаа өндөр эрэгтэй, эмэгтэй тус бүр 6 баг өрсөлдөнө.
“Токио 2020” олимпын наадамд анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр 8 баг оролцох юм.
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин