sonin.mn
Transfermarkt.com сайт Азийн хөлбөмбөгчдийн зах зээл дээрх үнийг шинэчлэн гаргасан байна. Энэхүү жагсаалтад “Пушкаш” академид суралцаж, мэргэжлийн тоглогчийн гэрээ байгуулсан Г.Ганбаяр багтлаа. Түүний зах зээлийн үнэлгээг 100 мянган евро буюу 350 сая орчим төгрөгөөр тогтоожээ. Монголын хөлбөмбөгийн холбоо болон “Пушкаш” академийн хамтын ажиллагаа болон хувь тамирчны нөр их хичээл зүтгэлийн үр дүн ийнхүү дэлхийн тавцанд үнэлэгдэж эхэллээ. Унгарын мэргэжлийн хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн “Активал Чаквар” багт хүчин зүтгэж буй Г.Ганбаяр Европа лигийн урьдчилсан шатны тоглолтод оролцохоор Швед улсыг зорьж байв. Тэрбээр 2016 онд Монголын хөлбөмбөгийн холбоо Унгар улсын мэргэжлийн хөлбөмбөгийн “Пушкаш” академитай үзэглэсэн хамтын ажиллагааны хүрээнд тус академид суралцаж, мэргэжлийн гэрээ байгуулсан юм.
 
 
Монголын хөлбөмбөгийн ертөнцөөс олон улсад үнэлэгдсэн анхны тоглогч нь Үндэсний шигшээ багийн ахлагчаар тоглож байсан, өдгөө “Атлетик 220” багийн дасгалжуулагчаар ажиллаж буй Б.Гарьдмагнай юм. Түүний зах зээлийн үнэлгээ 25 мянган евро буюу 87 орчим сая төгрөгөөр 2009 онд үнэлэгдэж байжээ. Манай улсаас Унгарын “Пушкаш” академид одоогоор “Дэрэн” клубийн тамирчин Г.Дөлгөөн, “Би Си Эйч Лионс” клубийн тамирчин Х.Чингүүн нар суралцаж байна. Сонирхуулахад, Ф.Пушкаш нь спортын замналынхаа оргил үед алдарт “Реал Мадрид” клубт тоглож байжээ. Түүний нэрээр нэрлэгдсэн энэхүү академи нь “Реал Мадрид” клубийн академитай хамтын ажиллагаатай байдаг аж. Уг үйл ажиллагаагаар дэлхийн шилдэг багийн академид монгол хүүхдүүд “Пушкаш” академийн тусламжтайгаар суралцах боломж нээгдсэн. “Пушкаш” академид суралцах бүтэн жилийн төлбөр 15 мянган ам.доллар ажээ.
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин