sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны өнөөдрийн хуралдаанаар зарим компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулжээ.
 
Тодруулбал “Ард даатгал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг “Блью Планет” ХХК өөрийн эзэмшлийн 153 310 ширхэг энгийн хувьцааг “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д арилжсантай холбоотой асуудлыг хэлэлцэж, “Ард даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, бүртгэлд зохих өөрчлөлтүүдийг оруулахаар тогтлоо. Ингэснээр “Ард даатгал” ХХК гурван хувьцаа эзэмшигчтэй болж буй бөгөөд нийт хувьцааны 93.3 хувийг “Ард санхүүгийн нэгдэл” ХК эзэмшихээр болж байна.
 
Түүнчлэн хуралдаанаар, Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн Монгол Улсад гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журмыг баталлаа. Хороо Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчдын бүртгүүлсэн биржүүдийн түр жагсаалтыг энэ оны долдугаар сард баталсан.
 
Жагсаалтад дэлхийд тэргүүлэгч 26 бирж багтсан бөгөөд эдгээр биржүүд дээр бүртгэлтэй компаниудын Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгүүлэхэд тавигдах бүртгэлийн шалгуур, шаардлагыг тодорхойлох, бүртгэлийн нөхцлийг хөнгөвчлөх зэрэг харилцааг өнөөдөр баталсан журмаар зохицуулах юм. Энэ журам нь гадаад, дотоодын биржид бүртгэлгүй хуулийн этгээдийн үнэт цаасыг анхлан бүртгэх болон гадаад, дотоодод анхлан нэгэн зэрэг үнэт цаас гаргах харилцаанд хамаарахгүй.
 
Мөн 2.5 тэрбум төгрөг байх хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлагыг хангасан нэг аж ахуйн нэгжид банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгож, үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх хуулийн этгээдээр нэг аж ахуйн нэгжийг бүртгэн, гурван Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ.
 
Харин “Зоос хүрд” Хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн, “Женерал финанс ББСБ”, “Андын дэмжлэг ББСБ” ХХК-уудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна.
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг