sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахтай зэрэгцэн, Монголын улс төрд нэгэн харамсалтай үйл явдал болсон нь гуравдагч хүчин, иргэний хөдөлгөөнийхэн гэж нэрлэгддэг зарим улс төрчдийн үйл ажиллагаа мухардалд орсон явдал байлаа. Мэдээж хүний амьдрал л хойно амьжиргааны ч асуудал байдаг л биз, бүр зарим иргэний хөдөлгөөнийхэн гэх тодотголтой нөхөд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын ухуулагч болчихсон гүйж явав. Мөн Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн нэр дэвшүүлэлт хүртлэхи хугацаанд Ардчилсан Нам ч гагцхүү дотоод зохион байгуулалтын асуудалдаа анхаарч байсан билээ.
 
Гэтэл яг л энэ сөрөг хүчингүй шахам үед УИХ-д 65 суудалтай МАН, түүний Засгийн Газар, Н.Баяртсайхан Ерөнхийлөгчтэй Монголбанк Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended fund facility” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ  үед эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү гэх ганцхан хүн л үнэндээ  уг шийдвэрийг эсэргүүцэж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр  “Extended fund facility” хөтөлбөрийг хэрэгжүүлсний сөрөг үр нөлөөг тайлбарлаж байв. Тодруулбал тэрээр 2017 оны 2 сарын 21-нд : " “Extended fund facility” хөтөлбөрт орсноор Монгол Улс сонгодог утгаараа Египет, Украинд болсон хямрал руу явж байна... Ерөөсөө Монгол Улсын эдийн засгийн хямралын үндсэн онош бол бидний цалингаа авдаг төгрөгийн ханшийн уналт юм...230 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн бол төгрөгийн ханш унаснаас болоод тэтгэвэр нь таван жилийн өмнөх 120 мянган төгрөгтэй л тэнцэж байна гэсэн үг...
Ард түмэн УИХ-д 65 суудлыг өгч байхад тэд биднээс авсан эрх мэдлээ жил болохгүй харийнханд, ОУВС-д өгөх гэж байна. Удахгүй УИХ ээлжит бус чуулган зарлаж төсвийн тодотгол хийнэ гэдэг чинь ОУВС бүх бодлогыг барьчихлаа гэсэн үг. Дараа нь тэд УИХ-аар Банкны тухай хууль, Төвбанкны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг ч батлуулна... Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр цалин, тэтгэврийг нэмэхгүй харин татвар нэмэх тул хүмүүсийн худалдан авах чадвар буурна, ингээд жагсаж эхэлнэ. Тэгээд нийгмийн хямрал болж, хүмүүс жагсаж эхэлнэ, банкны хуулийг шинэчилж, заримыг нь дампууруулна, эцэст нь Монгол улс бүхэлдээ гүн гүнзгий хямрал руу явна, эрх баригчид юу ч хийж чадахгүй" хэмээж байсан юм.
Үүнээс хойш хэдхэн сарын хугацаанд үнэхээр л түүний таамагласан бүхэн шахуу биелж, татвар нэмэгдэн, цалингаа нэмүүлэхийг шаардсан төрийн албан хаагчид жагсаж, ажил хаяж эхлээд байна. Эрх баригчид ч ОУВС-тай тохирсон гэх тайлбартайгаар иргэдийн амьжиргааг сайжруулах, төгрөгийн ханшийг өсгөх чиглэлээр аанай л юу ч хийж чадахгүй хэвээр. Тэр бүү хэл 11 сарын 3-нд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар УИХ-ын даргад өргөн мэдүүлэв. Хуулийн зорилтыг ч санаачлагчид нь : "Банкны хяналт шалгалт, зохистой засаглал, удирдлагын эрх зүйн орчинг сайжруулах" гэж тодорхойлсон байлаа. Өөрөөр хэлбэл Т.Баярхүүгийн өмнө нь хэлж байсанчилан "банкны хуулийг шинэчилж, заримыг нь дампууруулна" гэх үйл явц нь эхэлж буй бололтой.
Энэ мэтээр эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүгийн хагас жил орчмын өмнө таамагласан ярьснаар л яг  үйл явдлууд өрнөж буйг улс төрийн хүрээнийхэн ч хүлээн зөвшөөрөх болжээ. Бид Т.Баярхүү доктортой холбогдож, энэ тухай дуулгахын сацуу төлөвлөж буй үйл хэргийнх нь талаар лавлахад: "Хувьсгал хийнэ." гэх товчхон хариуг тэрээр өгсөн юм.
 
П.Мандах
 
Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн тухай эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүгийн 9 сарын өмнө хийсэн lIVESTREAM