sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гээс өнөөдөр “Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл” чуулган зохион байгуулав.
 
Хуралд УЦУОСМХ-гийн удирдлагууд, хэлтэс, албадын дарга нар болон 21 аймгийн малчид оролцлоо. Өнгөрсөн зун буюу энэ оны 5-9 дүгээр сард нийт утгаар гандуу байсан тул малын бэлчээрийн даац хангалтгүй байгаа юм. Тиймээс өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг чуулганд оролцогчид онцолж байлаа. УЦУОСМХ-ээс нийт нутгийн 30 гаруй хувьд зуд болох эрсдэл өндөр байгаа бол 30 хувьд дунд зэргийн эрсдэлтэй байгаа аж.  гэсэн зураглал гаргасан байна. Энэ өвөл зарим тохиолдолд -40 хэмээс -50 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа бөгөөд эцсийн дүн шинжилгээг хоёр долоо хоногийн дараа гаргана хэмээн УЦУОСМХ-гийн Хөдөө аж ахуйн цаг уурын хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг танилцуулав.
 
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын малчин А.Мөнхбаяр “Манайх 400 гаруй толгой малтай. Зун газрын гарц муу байсан тул малын тарга тэвээрэг ч тааруу байна. Гэтэл өвөл дөнгөж эхэлж байхад манай суманд их хэмжээний цас орсон тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Гэтэл бид нэг боодол өвсийг 7000 төгрөгөөр худалдаж авдаг. Тиймээс үнийг бууруулах шаардлага тулгараад байгаа юм” гэлээ.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг