sonin.mn
ЭР-РИЯД. /ТАСС/. Энэ сарын эхээр баривчлагдан саатуулагдсан Саудын Аравийн эзэн хааны гэр бүлийн гишүүд болон бизнес эрхлэгчдийг шоронд Америкийн хувийн цэргийн компанийн ажилтнууд эрүүдэн шүүж байна гэж Их Британийн “Daily Mail” сонины цахим хувилбарт мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
“Өмнө нь “Blackwater” нэртэй байсан Америкийн “Academi” гэдэг хувийн компанийн ажилтнууд баривчлагдсан хүмүүсийг зодож, тамлаж, доромжилж, нугалж авхыг оролдож байна. Саатуулагдсан хунтайж нарыг байрлуулж буй зочид буудлуудын гадна Саудын Аравийн тусгай албадын хуягласан автомашинууд байгаа хэдий ч дотор нь цэргийн хувийн компани ажиллаж байгаа аж” гэж тус сонины мэдээнд тэмдэглэжээ.
 
“Academi” компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, баривчлагдсан хүмүүсийг тамласан асуудалд тус компани холбогдолгүй бөгөөд иймэрхүү үйлдлүүд нь Америкийн хуулиар хориотой байдаг ажээ.
 
“Авлигын эсрэг кампанит ажлыг эхлүүлсэн Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд байцаалтад биечлэн оролцож байгаа бөгөөд тэрээр баривчлагдсан хунтайж нар болон бизнес эрхлэгчдээс 194 тэрбум ам.долларыг хураан аваад байгаа юм” гэж “Daily Mail” сонинд дурдсан байна.
 
Угсаа залгамжлах хунтайжийн удирддаг Авлигатай тэмцэх дээд хорооноос авлигын хэрэгт сэжиглэгдсэн 11 хунтайж, 30 орчим бизнес эрхлэгчийг баривчлан саатуулах тухай тогтоолыг 11 дүгээр сарын 5-ны шөнө гаргасан байна. Энэ байгууллагыг Саудын Аравийн эзэн хаан Сальман бен Абдель Азиз Аль Саудын зарлигаар байгуулсан ажээ. Нийт 208 хүнийг саатуулан байцаасан тухай хожим нь зарласан юм.
 
 
Л.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг