sonin.mn
ТОКИО. /РИА Новости/. Ханиадны эм ууж байгаа өвчтнүүд, юуны түрүүнд хүүхдүүд, “хачин жигтэй үйлдэл” хийж болзошгүй эрсдэл байгаатай холбогдуулан  Японы эрүүл мэнд, хөдөлмөр, сайн сайхан аж байдлын яам ойрын үед эмнэлгүүдэд зориулан заавар гаргахаар төлөвлөж байна гэж “Киодо” агентлаг мэдээлэв. 
 
Тус яамнаас мэдээлснээр, өнгөрсөн онд ханиад хүрсэн өвчтнүүд, голдуу хүүхдүүд болон өсвөр насныхан, гэнэт гүйж эхлэх юм уу цонхоор үсрэхийг оролдсон 54 тохиолдол гарч байсан байна.
 
“Урьд нь "Тамифлу" нэрээр болон "Осельтамивир" хэмээх өөр нэрээр гардаг эмтэй холбоотойгоор дээрх эрсдэлийн талаар ярьдаг байсан ба түүнийг Японд хэдэн жилийн өмнөөс хүүхдүүдэд бичиж өгөхөө больсон юм. Харин одоо "Ланинамивир" болон "Релензу" ("Занамивир") эмийг хэрэглэж байгаа хүмүүст ийм эрсдэл тархаад байна” Японы эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Эдгээр эмийг хэрэглэх үед гэрийнхээ хаалга, цонхыг сайтар түгжиж байхыг тус яамнаас зөвлөж байна.
 
 
Л.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг