sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын эрх баригчид  террорист “Лалын Улс” бүлэглэлийг бут цохисны дараа ч Сирийн умард хэсэгт цэргээ үлдээх бодолтой байна. Энэ нь Ираны дэмждэг Сирийн засгийн газрын цэрэг уг нутагт хяналтаа тогтоох боломж олгохгүй байх зорилготой юм гэж “Вашингтон Пост” сонины нийтлэлд тэмдэглэжээ.  
 
“Террорист “Лалын Улс” бүлэглэл удахгүй ялагдах нь тодорхой юм. Тэгэхлээр Америкийн цэрэг Сирид байх хууль ёсны эрх үгүй болно. Америкийн цэргийг гаргавал Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын засгийн газрын цэрэг тус улсын энэ хэсгийг эзлэн авах боломж бүрдэнэ. Үүнийг л Ираны эрх баригчид хүсч байгаа. Үйл явдал ингэж өрнөхөөс сэрэмжлэхийн тулд АНУ-ын засаг захиргаа Сирийн умард хэсэгт цэргээ үлдээж, “Ардчилсан Сирийн цэргийн хүчин”-д “Лалын Улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. АНУ-ын засаг захиргаа Сирийн энэ хэсэгт тус улсын засгийн газарт хамааралгүй удирдлагын шинэ бүтэц үүсгэхийг хүсч байгаа юм” гэж дээрх сонинд мэдээлжээ.
 
Голдуу курдуудаас бүрддэг “Ардчилсан Сирийн цэргийн хүчин”-ний отрядуудад дэмжлэг үзүүлэх нь Башар Асадад шахалт үзүүлж, НҮБ-ын ивээл дор Женевт хийх яриа хэлэлцээний үеэр түүнийг буулт хийхэд хүргэх боломж олгох ажээ. АНУ-ын батлан хамгаалах яамнаас өмнө нь мэдээлснээр, Сирид Америкийн 503 цэргийн албан хаагч байгаа юм.
 
 
Л.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг