sonin.mn
ТОКИО. /ТАСС/. Ирэх онд Японы Засгийн газар ОХУ-тай харилцаагаа улам идэвхтэй хөгжүүлнэ гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Ирэх онд Японд Оросын болон Орост Японы жилийг зохион байгуулах бөгөөд бид Оростой янз бүрийн салбарт харилцаагаа идэвхтэй хөгжүүлэх бодолтой байна. Үүнд бас умард дөрвөн арлын (Японд Оросын Курилын арлуудын өмнөд хэсгийг ингэж нэрлэдэг - ТАСС) харъяаллын тухай болон энхийн гэрээ байгуулах асуудлаархи нягт яриа хэлэлцээ багтана” гэж Шинзо Абэ цохон тэмдэглэжээ.
 
Японы засгийн газрын тэргүүний хэлснээр, одоо Курилын арлууд дээр хоёр улс хамтран аж ахуйн үйл ажиллагаа явуулах асуудлыг тодорхой болгох үйл явц өрнөж байгаа ажээ.
 
“Курилын арлууд дээр хэрэгжүүлэх ирээдүйтэй хэд хэдэн төслийг, түүний дотор салхин цахилгаан станц, хүлэмжийн аж ахуй, хог боловсруулах үйлдвэр байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг төслийг хоёр улсын гадаад хэргийн яамдын шугамаар сонгон аваад байгаа” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 7-нд Владивостокт Шинзо Абэтэй уулзсаныхаа дараа мэдээлсэн юм.
 
Арлууд дээр эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулах нь энхийн гэрээ байгуулах замд хийх нааштай алхам болно талууд үзэж байна. Гэхдээ японы ажиглагчдын үзэж байгаагаар, ийм төслүүдийг хэрэгжүүлэх арга, хэлбэрийн асуудлаар талууд санал зөрөлдөж байгаа аж.
 
 
Л.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг