sonin.mn
Их, дээд болон ерөнхий боловсролын зарим сургуулиуд сургалтын төлбөрөө бүрэн төлөхийг шаарддаг. Ингэхдээ заасан хугацаанд төлбөр төлөөгүй оюутан сурагчдын нэрийг сургууль даяар болон анги хамт олных нь дунд ил тод зарладаг. Цаашлаад төлбөрөө төлөхгүй бол хичээлд нь оруулахгүй байх, ном сурах бичгүүдийг нь хураах, тухайн оюутнуудаас төлбөр барагдуулахыг шаардахдаа олон нийтийн өмнө эвгүй байдалд оруулдаг, багшийн цалингаар барьцаалж ангийнхныг шахах, янз бүрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэх зэргээр төрөл бүрээр тулган шаарддаг. Энэ нь өнөөгийн их дээд сургууль, ерөнхий боловсролын хувийн сургуулиудын  нийтлэг үзэгдэл.
 
Тэгвэл сургуулиудын захиргаанаас гаргаж буй дээрх үйлдлүүд оюутан сурагчдын эрхийг зөрчиж байгаа аж. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Боловсролын тухай хуулийг зөрчиж байгаа төдийгүй хүүхдээс сургалтын төлбөр нэхэж байгаа нь ялгаварлан гадуурхах, бусдын дэргэд эвгүй байдалд оруулж байгаа талаар эцэг эхчүүдээс  иргэний нийгмийн байгууллагуудад цөөнгүй гомдол санал ирдэг гэнэ. Тиймээс Иргэний нийгмийн байгууллагууд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа дээрх үйлдлийг таслан зогсоохыг шаардаж БСШУС-ын яаманд удаа дараа хандсаны үр дүнд сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг цэгцлэхээр болсон байна.
 
Тодруулбал, Хүүхдийн эрхийг хангах талаар БСШУС-ын сайд асан  Г.Чулуунбаатар хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн аливаа төлбөр, хураамж авахдаа суралцагчийн сурах эрхийг зөрчихгүй, тэдэнд сэтгэл зүйн дарамт учруулахгүй байх тухай тушаалыг өнгөрсөн сард гаргажээ.  Уг тушаалд “Сургуулийн дүрэм, эцэг эхтэй байгуулах гэрээнд сургалтын төлбөр төлөх, хураамж авах харилцаанд багш, суралцагчийг оролцуулахгүй байх зохицуулалт хийхийг төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захиралд.
 
Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн аливаа төлбөр, хураамж авахдаа суралцагчийн сурах эрхийг зөрчихгүй, тэдэнд сэтгэл зүйн дарамт учруулахгүй, ёс зүйн аливаа зөрчил гаргахгүй ажиллахыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгасугай” гэсэн байна.
 
 
Их, дээд сургууль болон ЕБС-иудын захиргаа суралцагчдын эрхийг зөрчиж байгаа талаар “Хүүхдийн өмгөөлөл төв” ТББ-ын тэргүүн, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ  “Хүүхэд өөрөө төлбөр төлөгч биш. Хүүхэд бол сурах үүрэгтэй хүн. Харин эцэг эх, асран хамгаалагч нь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Яагаад гэвэл хүүхэд иргэний эрх зүйн бүрэн бус хязгаарлагдмал чадамжтай хүн юм. Тийм учраас  сургуулийн захиргаа хүүхэдтэй бус эцэг эхтэй нь ярих хэрэгтэй. Манайд үе тэнгийнхнийх нь өмнө “Чи төлбөрөө төлөөгүй учраас хичээлдээ суухгүй, ном дэвтэр өгөхгүй” гэх нь тухайн хүүхдийн хүн гэсэн нэр төрд ноцтой халдаж байна. Сургуульд ямар нэг ялгаварлан гадуурхал байх ёсгүй.
 
Магадгүй тэнд ядуу айлын, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч байж болно. Төлбөрийн талаар ярих нь эдийн засгийн ялгаварлан гадуурхал юм. Тэрнээс болж бусад хүүхдүүд энэ хүүхэд ядуу айлын хүүхэд юм байна, эцэг эх нь ийм тийм гэх мэтчилэн хандлага нь өөрчлөгдөж, нөгөө хүүхэд ичгүүртэй байдалд ордог. Энэ бол боловсролын салбарын том зөрчил. Хэн нэгнийг эдийн засгийн байдлаар нь ялгаварлах нь хууль бус, хүнлэг бус асуудал” гэсэн юм.
 
Манайхаас бусад улс орнуудад  эцэг эх, багш, сургуулийн захиргаа гэсэн  харилцаатай байдаг  бөгөөд хүүхэд ямар амжилт гаргасан, хүүхдээ юун дээр дэмжих тал дээр анхаарал хандуулдаг байна.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин