sonin.mn
ВАШИНГТОН. /АП/. Гаити улсын бараг 60 мянган иргэнд АНУ-д ажиллаж, амьдрах боломж олгосон “Түр хамгаалалтад авах хөтөлбөр”-ийг зогсоох шийдвэрийг Дональд Трампын засаг захиргаа даваа гарагт гаргажээ.
 
“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, 2010 онд хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэний улмаас их хэмжээний гарз хохирол амссанынх нь дараа Гаити улсын иргэдийг АНУ-ын Засгийн газар “Түр хамгаалалтад авах хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг гаргаж байсан билээ.
 
Тэгвэл АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт буюу өчигдөр мэдэгдэл хийхдээ “Гаити улсын нөхцөл байдал харьцангуй сайжраад байна. “Түр хамгаалалтад авах хөтөлбөр”-т хамрагдсан Гаити улсын 60 мянган иргэнд нутаг буцахдаа бэлтгэх хугацааг бид олгож байна” гэжээ. Энэ хөтөлбөрт хамрагдан Америкт ажиллаж, амьдарч буй гаитичууд 2019 оны долдугаар сараас өмнө нутаг буцсан байх ёстой аж.
 
2010 онд 100 мянга гаруй хүний аминд хүрсэн 7.0 баллын хүчтэй  газар хөдлөлтөд нэрвэгдсэн Гаити улсын нөхцөл байдал олон улс орны засгийн газрууд болон төрийн бус байгууллагуудын тусламж дэмжлэгээр харьцангуй сайжраад байгаа юм. Гэсэн хэдий ч тус улс дэлхийн хамгийн ядуу буурай улс орнуудын нэг хэвээр байна. Өнөөдөр тус улсын хүн амын дөрөвний нэг орчим нь буюу 2.5 сая гаруй хүн хоногт 1.23 ам.доллароос ихгүй мөнгөөр голоо зогоож байна. Өөрөөр хэлбэл, тус улсад 2.5 сая гаруй хүн үгээгүй ядуу амьдарч байна гэсэн үг.
 
/Гаитид 2010 онд 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа/
 
АНУ-ын Засгийн газрын “Түр хамгаалалтад авах хөтөлбөр”-т байгалийн гамшгууд ба дайн байлдаанд нэрвэгдсэн есөн улс орны 435 мянган иргэн хамрагдаад байгаа ажээ. Гаитид 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараахан буюу 2010 оны нэгдүгээр сард тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гаитичуудыг 18 сарын хугацаанд “хамгаалалтад авах” шийдвэрийг гаргаж байв. 18 сарын хугацааг дуусах бүрт нь Б.Обама сунгасаар байсан юм.
 
Харин энэ оны нэгдүгээр сард АНУ-ын төрийн тэргүүн болсон Д.Трамп Судан болон Никарагуа улсын иргэдийг нутаг буцаах шийдвэр гаргасныхаа дараа гаитичуудыг мөн нутаг буцаахаар боллоо. Мөн Гондурасын 86 мянган иргэнийг ирэх оны долдугаар сараас хэтрэлгүй АНУ-аас гаргах шийдвэрийг Д.Трампын засаг захиргаа гаргаад байгаа ажээ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг