sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь БНЧУ-ын ЭСЯ энэ сараас эхлэн 3 үгт хаягжилтын технологийг өөрийн үйл ажиллагаандаа албан ёсоор ашиглаж эхэллээ.
 
БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский энэ тухайд, “Монгол Улс дахь Чех Улсын Элчин сайдын яам энэхүү 3 үгт хаягжилтын технологийг ашиглаж эхэлсэн дэлхийн хамгийн анхны Чех улсын Элчин сайдын яам болж байна. What3words компаниас санал болгож буй 3 үгт хаягжилтын системыг ашиглаж эхэлснээр манай ЭСЯ-ны байршлыг олоход илүү хялбар болсноос гадна консулын үйлчилгээ хүртээмжтэй болох давуу талтай" хэмээн онцолж байна. Түүнчлэн тэрбээр тус улсын Элчин сайдын яамыг clarifies.politics.dozens эсвэл дагах.эгэл.өгнө гэсэн гурван үгээр олох боломжтой болсныг албан ёсоор мэдэгдэв.
 
Хаяг, байршил нь тодорхойгүй, гудамжны нэр эсвэл дугаарыг тэр бүр хэрэглэж заншаагүй манай шигулсад what3words компаниас санал болгож буй 3 үгт хаягжилтын системыг 2016 оноос эхлэн өргөнөөр ашиглаж эхэлсэн. Энэхүү хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг бүхэлд нь 3мх3м квадратад хуваан тус бүрт нь гурван үгийн нийлбэрийг оноон өгдгөөрөө онцлогтой бөгөөд энэ нь огт хаяггүй эсвэл хаягжилт муутай байршилд хаягтай байх боломжийг олгож байгаа гэсэн үг юм.
 
Гурван үгт хаягжилтын системийг одоогоор манай улс дахь үндэсний хэмжээний томоохон банк, санхүүгийн байгууллага, хүргэлт, ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллагуудаас гадна цахим худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж байна. Тодруулбал, энэхүү технологийг ХААН банк, Монгол шуудан, Таванбогд фүүдс гэх мэт байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бол олон улсын хэмжээнд хамгийн сүүлд Германы автомашин үйлдвэрлэгч "Mercedes Benz" компани 2018 оны шинэ загварын автомашиндаа ашиглаж эхэлсэн аж.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг