sonin.mn
Москва /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийн хойгт орших Ялта хотын Ливадийн паркт сүндэрлэсэн Бүх Оросын гуравдугаар Александр хааны хөшөөний нээлтэд оролцсон юм.
 
Харин түүний энэхүү үйлдлийг Украйны Гадаад Харилцааны яам буруушаан  энэ сарын 20-ны өдөр Москвад  нот бичиг ирүүллээ. Учир нь Украйны тал ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийг Севастополь болон Крымийн Автономит улсад зорчих нь Украйны газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж байна хэмээн үзэж байгаа аж. Энэ төрлийн эсэргүүцлийг Украйны тал нэг бус удаа гаргаж буй юм.
 
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Украйны тал эсэргүүцлээ илэрхийлдэг. Манай тал үүнд ач холбогдол өгдөггүй. ОХУ-ын Ерөнхийлөгч тус улсад харьялагдах бүх цэгт хэн нэгний зөвшөөрөлгүйгээр зорчих эрхтэй” хэмээн мэдэгдсэн юм.
 
2014 онд бүх нийтийн санал асуулгаар Крым ОХУ-д харьялагдах болсноор ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд Крымд айлчлах нь ихэссэн. Гэвч үүнийг олон улсын байгууллагууд болон Украйн улс эсэргүүцэж, Крымийг одоог хир нь Украйны эзэмшилд тооцсоор буй юм.
 
 
Л.Нандиа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг