sonin.mn
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д-ийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 11.20-ны өдрийн байдлаар өвчилсөн 120 үхрийг устгаж, 7156 үхэр, 1041 гахай, 1 ямаа, нийт 8198 мал, амьтныг вакцинжуулж, 1280 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийсэн. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-амар, Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын удирдсан Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс, Сумын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг 11.20-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулсан.
 
Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 26880 хүн амтай, 586 аж ахуйн нэгжтэй, авто болон төмөр замаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагтай холбогддог. Мөн тус сумын төвд 23 мянга гаруй мал, 1000 гаруй гахайтай. Үүнээс өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр өвчилсөн 9 өрхийн 53 үхрийг зориудаар устгаад байгаа бөгөөд вакцинжуулалтын ажлыг явуулж эхлээд байна.
 
Тиймээс Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй явуулах, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэрийг гаргасан. 
 
Мөн БСШУСЯ-тай хамтран цэцэрлэг, сургуулийн хичээлийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг гаргалаа. Харин шүлхий өвчин гарсан шалтгаан нөхцлийг яаралтай тогтоохыг Тагнуул, цагдаагийн газруудад үүрэг болголоо.