sonin.mn
БЕРЛИН. /Ройтерс/. Цөөнхийн засгийн газрыг тэргүүлэхээс дахин сонгууль хийхийг илүүд үзэж буйгаа Германы Канцлер Ангела Меркель мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.
 
Өнгөрсөн есдүгээр сард болсон парламентын сонгуульд дийлэнх олонх болж чадаагүй А.Меркелийн Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо эвсэл нь чөлөөт зах зээлийг эрхэмлэдэг Чөлөөт ардчилсан нам болон экологи, эдийн засаг ба нийгмийн тогтвортой байдлыг чухалчилдаг Ногоонууд намтай хамтран эвслийн засгийн газар байгуулахаар төлөвлөж байсан юм. Гэвч дүрвэгчид болон эрчим хүчний асуудалтай холбоотой санал зөрөлдөөний улмаас эвслийн засгийн газарт нэгдэхээргүй болсноо  Чөлөөт ардчилсан намын дарга Кристиан Линднер өнгөрсөн ням гарагийн орой мэдэгдсэн юм.
 
Эвслийн засгийн газар байгуулах хэлэлцээ амжилтгүй болсныг өчигдөр орой А.Меркель Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт бараалхан албан ёсоор мэдэгдсэн аж. Үүний дараа Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Герман улсад түүхэнд байгаагүй хүнд нөхцөл байдал үүсэхээр байна” гэж анхааруулахын сацуу улс төрийн намуудын удирдагчидтай уулзаж, эвслийн засгийн газар байгуулахын төлөө чадах бүхнээ хийхээ мэдэгдсэн байна.
 
Дөрөв дэх удаагаа Германы засгийн газрын тэргүүнээр ажиллахыг зорьж буй хатагтай А.Меркельд хоёр хувилбар байгаа юм. Эхний хувилбар нь эвслийн засгийн газар байгуулахаа больж, цөөнхийн засгийн газрын тэргүүнээр ажиллах. Хоёр дахь хувилбар нь парламентыг тарааж, дахин сонгууль хийх.
 
Гэхдээ цөөнхийн засгийн газрыг тэргүүлэхээс дахин сонгууль хийхийг илүүд үзэж буйгаа тэрбээр өчигдөр орой телевизэд ярилцлага өгөх үеэрээ илэрхийлжээ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг