sonin.mn
Монгол Ардын Намын XXVIII хурал үдээс хойш “Монгол Ардын намын дүрмийн шинэчлэл”, “Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл”, “Их хурлаас гаргах уриалга”-ыг хэлэлцэх гурван салбар хуралдаан зохион байгуулсан. Салбар хуралдаануудаас гарсан шийдвэр, санал бодлыг Их хурлын нэгдсэн хуралдаанд уламжилж, нийт төлөөлөгчдийн саналаар хэлэлцэн батлах юм.
Салбар хуралдаануудаар хэлэлцсэн асуудал, үр дүнг намын Их хурлын төлөөлөгчид Соёлын төв өргөөнд хэлэлцэж, санал бодлоо солилцож байна. Монгол Ардын Намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцсэн салбар хуралдаанд 50 гаруй төлөөлөгч асуулт асууж саналаа хэлсэн бол намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлаар 30 гаруй төлөөлөгч байр сууриа илэрхийлсэн юм.
Намын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн хувьд намын гүйцэтгэх төлөөллийн байгууллага болох Бага хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, намын анхан шатны байгууллагын төлөөлөл, оролцоог Бага хуралд 30 хувьд хүргэх, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх саналтай байгаагаа илэрхийлжээ.