sonin.mn
Үрэмч /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Нэг бүс нэг зам” төсөл нь зөвхөн Торгоны замын улс орнуудыг хамраад зогсохгүй хүсэлт гаргасан аль ч улс оронд нээлттэй гэдгийг Шиньжян Уйгарын өөртөө засах орны /ШУӨЗО/-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Гао ЖяньЛүн онцоллоо.
 
Тэрээр БНХАУ-ын Торгоны зам дагуух нутгаар аялж байгаа олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд ШУӨЗО-ны бүтээн байгуулалтын талаар танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулсан юм. Хятадын төрийн зөвлөл, Хятадын олон улсын радио, ШУӨЗО-ны захиргаанаас хамтран зохион байгуулж буй “БНХАУ-ын Торгоны зам дагуух нутгийн аялал”-ын багийн зочид болох сэтгүүлчид өнөөдөр тус орны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнд зочилж Хятад улсын санаачлан хэрэгжүүлж буй “Нэг бүс нэг зам” төсөл, ШУӨЗО-ны улс төр, нийгмийн байдал болон бусад асуудлаар сонирхсон асуултдаа хариулт авч нээлттэй ярилцлага өрнүүлсэн билээ.Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрнөдөг Шиньжяны талаарх мэдээллүүдийн үнэн бодитой эсэх болон төр засгийн байр суурь, цөөнх үндэстнүүдийн тулгамдсан асуудал зэрэг хурц сэдвүүдийг зоригтой хөндөж албаны хүмүүс ч асуулт бүрт нухацтай, баримттай мэдээллээр хариу барьсан юм. 
 
БНХАУ 2016-2020 он хүртэл “Нэг бүс нэг зам” төслийн зам дагуух орнуудын зөвхөн дэд бүтцэд л гэхэд наанадаж 10 их наяд 600 тэрбум доллароос дээш хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа ажээ.
 

Б.Занданхүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг