sonin.mn
БЕРЛИН. /Ройтерс/. Гурван намаас бүрдсэн эвслийн засгийн газар байгуулж, дөрөв дэх удаагаа Германы засгийн газрын тэргүүнээр ажиллахыг зорьж буй хатагтай Ангела Меркель томоохон асуудалтай тулгарлаа гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.
 
Өнгөрсөн есдүгээр сард явуулсан парламентын сонгуульд А.Меркелийн Христосын ардчилсан холбоо нам 33.5 хувийн саналаар тэргүүлсэн бол зүүний төвч үзэлт Социал-демократ нам 21 хувийн саналаар хоёрдугаарт орсон юм.
 
Социал-демократ намын дарга Мартин Шульц Христосын ардчилсан холбоотой нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэнээр А.Меркель жижиг намуудтай хамтран эвслийн засгийн газар байгуулахаас өөр аргагүйд хүрсэн билээ.
 
Тэгвэл цагаачлал болон эрчим хүчний асуудалтай холбоотой санал зөрөлдөөний улмаас эвслийн засгийн газарт нэгдэхээргүй болсноо А.Меркелийн намтай хамтран эвслийн засгийн газар байгуулахаар тохиролцоонд хүрээд байсан Чөлөөт ардчилсан намын дарга Кристиан Линднер өчигдөр орой мэдэгджээ.
 
Үүнтэй холбоотойгоор А.Меркель мэдэгдэл хийхдээ “Эвслийн засгийн газар байгуулах асуудлаарх хэлэлцээ амжилтгүй болсонд харамсаж байна. Би даваа гарагийн орой Ерөнхийлөгч Фрэнк-Вальтер Штайнмайертай уулзаж, хэлэлцээ амжилтгүй болсныг албан ёсоор мэдэгдэнэ. Би канцлерын хувьд энэ улс орныг зөв зүг рүү чиглүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно” гэсэн байна.
 
Эвслийн засгийн газар байгуулах асуудлаарх яриа хэлэлцээ амжилтгүй болсныг А.Меркелийн хувьд засаглалынх нь 12 жилийн түүхэнд тохиосон “хамгийн том хямрал” гэж ажиглагчид үзэж байна.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг