sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Энэ он гарснаас хойш Венесуэльд цахилгаан хангамжийн хэвийн ажиллагааг тасалдуулахыг оролдсоны улмаас 46 хүн амь насаа алдаж, ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн 281 хүнийг баривчлан саатуулжээ. Энэ тухай Венесуэлийн эрчим хүчний сайд Луис Альфредо Мотта Домингес телевизийн “Globovision” сувгийн цахим хуудаст ярилцлага өгөхдөө мэдэгдсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.
 
"Иймэрхүү “хорлон сүйтгэх” үйлдэл нь улс оронд тогтворгүй байдал үүсгэх сонирхолтой сөрөг хүчнийхэнтэй холбоотой байж магадгүй. Сонгууль зарлагдах бүрт цахилгаан хангамжийн системд халдах явдал 80 хувиар өсдөг” гэж Луис Альфредо Мотта Домингес тэмдэглэжээ.
 
Хамгийн сүүлд 11 дүгээр сарын 6-нд Венесуэл улсын нийслэл Каракас хотын цахилгаан станц дээр хорлон сүйтгэх томоохон хэрэг гарч, хотын хэд хэдэн дүүрэгт цахилгаан тасарсан байна. Болсон хэргийн шалтгааныг олон нийтэд мэдээлээгүй аж. Харин хэрэг болсон өдөр тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро усан болон цахилгаан хангамжийн системийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зорилгоор Үндэсний батлан хамгаалах зөвлөлийг яаралтай хуралдуулахыг шаарджээ. 
 
 
Э. Аянзаяа 
Эх сурвалж: "Монцамэ"агентлаг