sonin.mn
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурлыг ирэх долоо хоногийн эхэн үеэс үргэлжлүүлнэ гэж Сөүлийн Төв дүүргийн шүүх мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.
 
Авлигын хэрэгт холбогдсоны улмаас албан тушаалаа алдахад хүрсэн Пак Гын Хэг цагдан хорих хугацааг 6 сараар буюу 2018 дөрөвдүгээр сарын 16 хүртэл сунгах шийдвэрийг шүүх гаргасны дараа өмгөөлөгчид нь түүнийг өмгөөлөхөөс татгалзсантай холбоотойгоор өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд шүүх хурал болоогүй юм.
 
Харин Сөүлийн Төв дүүргийн шүүхээс өнөөдөр гаргасан мэдэгдэлд “Ирэх долоо хоногийн даваа гарагаас Пак Гын Хэгийн шүүх хурлыг үргэлжлүүлнэ” гэжээ.
 
Авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг хэргийн улмаас өнгөрсөн гуравдугаар сард албан тушаалаа алдсан Пакийг тавдугаар сараас шүүж эхэлсэн юм. Өнгөрсөн сард цагдан хорих хугацааг зургаан сараар сунгасны дараахан болсон шүүх хурлын үеэр Пак үг хэлэхдээ “Намайг улс төрийн өшөө авалтын золиос болгож байна. Шүүх шударга шийдвэр гаргахгүй гэдэгт итгэлтэй байна” гээд, цаашид шүүх хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
 
Шүүх түүнд өнгөрсөн сарын 25-нд таван өмгөөлөгч томилж өгсөн юм. Шинээр томилогдсон өмгөөлөгчид нь түүнтэй уулзахаар шоронд очсон  ч тэрбээр уулзахаас татгалзсан байна.
 
Дараа дараагийн шүүх хурал Пакгүйгээр болох магадлал өндөр байна.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг