sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо 09.00 цагаас эхэлсэн МАН-ын XXVIII Их хурал үдээс хойш намын Мөрийн хөтөобөр, дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэн, санал дүгнэлтээ боловсруулж, батлах гэж байгаа. Хуралд оролцож байгаа 1309 төлөөлөгчид дээрх асуудал, тэр дундаа Дүрмийн өөрчлөлт, намын даргын асуудалд янз бүрийн байр суурьтай байна. Хурал завсарлах хугацаанд зарим төлөөлөгчдөөс байр суурийг нь тодруулсныг хүргэж байна. 
 
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: МАН дүрэмдээ өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг байгуулан ажилласан. Нийт 50 гаруй зүйл дээр өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Их хурлын 1309 төлөөлөгч энэ өөрчлөлтүүдийг хэлэлцэж, өнөөдөр батлах ёстой. Юун түрүүнд Ёс зүйн хороо байгуулах, намын анхан шатны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоонд өөрчлөлт оруулах зэрэг өөрчлөлтүүд яригдаж байгаа. Дүрэм бол намын баримталж ажиллах ёстой гол хууль. Тийм учраас намын дүрмийг нэлээд чамбайруулах, хэрэгжилттэй холбогдуулан дүгнэлтүүдийг хэлэлцэнэ. Дараагийн 29 дүгээр Их хурал 100 жилээрээ хийнэ. МАН өнгөрсөн 100 жилд тусгаар тогтнолыг авч ирсэн бол ирэх 100 жилд эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулах жил гэж харж байгаа.
Намын даргын тухайд, хувь хүн гэхээс илүү бодлогыг гаргаж ирэх ёстой. МАН Засгийн эрхийг барьж буй учир сонгодог парламентад байдаг жишгээр Ерөнхий сайд нь намын даргаа давхар хаших нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Бид Засаглалын эрхийг өгсөн. Одоо улс төрийн эрхийг нь өгч хоёр далавч нь зэрэг дэвж байж илүү хүчирхэг байна.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: Их хуралд би тав дахь удаагаа оролцож байна. Энэ хурал эв найрамдлын хурал болох учиртай. Хурлаар намд тулгамдаж байгаа асуудал, шинэчлэлийн зорилтуудыг ярилцдаг. Хоёрдугаарт,  эрх баригч нам дараагийн жилүүдэд ямар бодлого барих, улс орны хөгжлийн бодлогын талаар ярилцдаг. Бидэнд нийгэм, эдийн засаг, санхүүгийн шийдвэрлэх асуудал их байна. Намаа шинэчлэх, дүрмээ шинэчлэх шаардлага байна. Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд намын анхан шатны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, анхан болон дунд шатны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг асуудал яригдана. Үүнээс гадна намын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орж байгаа. Бид эрх баригч хүчин учраас намынхаа мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, сонгуульд тусгасан амлалтуудтай уялдуулж боловсруулах ёстой. 2020 онд ялалт авч ирэхийн тулд, ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэхийн тулд тогтвортой байдал эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно.
 
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Энэ Их хурлаар намын даргыг шинээр сонгох байх. Хүрэлцэн ирсэн төлөөлөгчид намынхаа эв нэгдэл, үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх чадвартай дарга сонгох байх гэдэгт итгэлтэй байна. Одоогоор нэр дэвшигч тодорхой болоогүй байна. Намын Их хурлын зааланд нэр дэвшигчид тодорно. Намын үнэт зүйл бол боловсон хүчний бодлого байдаг. Улс төрийн нам бэхжиж, төлөвшихийн тулд боловсон хүчний бодлогоо шатлан дэвших зарчмаар явуулах шаардлагатай. Их хуралд хүрэлцэн ирсэн 1309 төлөөлөгч ч мөн адил ийм хүлээлттэй байгаа болов уу.
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Асуудлыг тойроод, илээд өнгөрөхгүйгээр голыг нь барьж аваад, шийдэлд хүрээсэй гэж хүсч байна. МАН удирдлагын түвшинд бол хоёр тийш харсан нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг эвлэрүүлж чадах чадвартай хүн байгаасай гэж бодож байна. Ямар ч улстөрийн нам гэдэг нь хувь хүний компани биш. Тушаалаар хөдөлдөг цэргийн байгууллага биш. Нам бол мянга, мянган хүмүүсийн итгэл үнэмшил, үнэт зүйл дээр тогтдог. Тиймээс эв нэгдлийг хангаж чадах хүнийг МАН-ын дарга болоосой. Хэрэв ийм хүн болж чадахгүй бол өнөөдрийн намын нөхцөл байдал улам гүнзгийрэх вий дээ гэсэн болгоомжлол байна.
 
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Өнөөдөр манай намын Их хурал болж байна. Намын Их хурлаараа бид дүрэмдээ өөрчлөлт оруулдаг. Эндээс гарсан дүрмийн шинэчлэлээ дараагийн дөрвөн жилдээ ягштал дагах дүрэмтэй. Их хурал маань туйлын ач холбогдолтой болно гэж харж байна.
“Итгэл-зүтгэл-хариуцлага” гэсэн уриан дор явагдаж байгаа учраас үүнийхээ хүрээнд ирэх дөрвөн жилд манай намын гишүүд болон нам маань дүрмийнхээ дагуу өөрчлөлт шинэчлэлт хийж ажиллана гэдэгт итгэж байна. Бидэнд өнгөрснөөсөө суралцсан олон сургамж бий. Ялангуяа намын дотоод сахилга хариуцлагыг бэхжүүлэх чиглэл дээр нэлээдгүй өөрчлөлт орох байх.
 
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг