sonin.mn
Бээжин /МОНЦАМЭ/.  БНХАУ-ын Цаг уурын газрын мэдээлснээр энэ сарын 17-ны үүрийн хоёр цаг 35 минутад "Фөн Юнь 3-04" нэртэй хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, төлөвлөсөн туйлын замд нэвтрүүллээ. Уг хиймэл дагуул нь төлөвлөгөөт газраа хүрч туршилт хийсэний дараа албан ёсоор ажиллагаанд орох аж.  Түүнийг өмнө хөөргөсөн “Фөн Юнь 3-С” хэмээх хиймэл дагуултай сүлжээ үүсгэн ажиллуулахаар төлөвлөсөн байна.
 
“Фөн Юнь 3-04” нь 5 жилийн турш ажиллах хүчин чадалтай бөгөөд өөр дээрээ 10 ширхэг алсын зайнаас мэдрэх төхөөрөмж байрлуулсан гэнэ. Мөн  АНУ хамгийн сүүлд хөөргөсөн хиймэл дагуулын дэвшилтэт технологи болох “дүрсжүүлэлт”-ийн төхөөрөмжтэй эн зэрэгцэхүйц шинэчилсэн зураг дүрсний систем суурилуулсан нь уг хиймэл дагуулын гол дэвшилтэт талуудын нэг юм. Ингэснээр өдөр бүр дэлхийн 250 метрийн нарийвчлалтай бодит өнгийн зурган мэдээлэл авах боломжтой болох ба олон улсын хэмжээнд хамгийн дэвшилтэт том цар хүрээг хамарсан дүрсжилт бүхий алсын зайны удирдлагат төхөөрөмжүүдийн нэг болж чадсан байна.  Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн шинэ технологийн цаг уурын урьдчилан шинжлэх төхөөрөмж суурилуулсан нь Хятад улсын дунд болон урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг илүү оновчтой, нарийн мэдээлэх боломжтой болжээ.
 
Хятад улс нийт 15 хиймэл дагуулыг амжилттай хөөргөөд байгаа бөгөөд одоогоор эдгээрийн 8 нь ажиллаж байгаа. Уг хиймэл дагуулыг амжилттай хөөргөснөөр Хятад улс дэлхийн хамгийн олон тооны, хамгийн олон төрлийн хиймэл дагуултай улс болж чаджээ. Эдгээр хиймэл дагуулууд нь Хятадын цаг уур, далай тэнгис, ойн аж ахуй, газар тариалан, иргэний болон цэргийн агаарын тээврийн салбарыг нэн чухал мэдээгээр хангадаг өндөр ач холбогдолтой гэнэ.
 
Дашрамд  дурдахад “Фөн Юнь 3-04” хиймэл дагуулыг НҮБ-ын Дэлхийн Цаг уурын байгууллагаас “Дэлхийн шинжилгээний хиймэл дагуулууд”-ын жагсаалтад оруулсан ба одоогоор “Фөн Юнь 3” цувралын хиймэл дагуулын мэдээгээр хангагддаг 77 улс болон бүс нутаг байдаг гэнэ.
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг