sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын XXVIII Их хуралд оролцож буй төлөөлөгчдөөс зарим төлөөлөгчдөөс байр суурийг нь сонирхлоо.
 
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: МАН-ын шинэчлэлээс Монголын цаашдын хувь заяа шалтгаална гэж харж байна. Монгол төрийн түүхэнд шинэчлэлийн шинэ салхи авчрах Их хурал болно гэж бодож байна. Одоо мөрдөгдөж байгаа намын дүрмээр бол “Хэрэв нам нь сонгуульд ялах юм бол Ерөнхий сайдыг намын даргад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. 2016 онд энэ дүрмийн заалт зөрчигдснөөр дараа дараагийн зовлонгууд гарч ирсэн. Намын дарга гэдэг хүн сонгуульд оролцохдоо ирэх дөрвөн жил хийж хэрэгжүүлэх намын мөрийн хөтөлбөрөө боловсруулж эргээд ард түмэндээ тайлангаа тавьдаг.  Ерөнхий сайд нь намын дарга болдог энэ жишгийг дагахгүй л бол цааш явахгүй. Энэ утгаараа би Ерөнхий сайдад боломж олгон нэр дэвшихээс татгалзсан.
 
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Одоо бид зөв шугамаар урагшлах гарцаагүй шаардлага байна. Монгол орны өнцөг булан бүрээс 1309 төлөөлөгч хүрэлцэн ирж, өнгөрсөн дөрвөн жилийн намын алдаа, оноогоо хэлэлцэнэ. Бид юун дээр алдав, яаж онов, ард түмэн МАН-аас юу хүлээж байна. Энэ бүхнээ бид дахин эргэж харах хэрэгтэй. Эндээс намд үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарц олдоно. Намын дүрмээ чанад сахиж, ард түмэндээ өгсөн амлалтаа бид шат шатандаа дахин санах учиртай. Улс орны  өмнө тулгамдаад байгаа асуудалд манай  намаас ямар байр суурь баримтлах юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудал яаж тусгалаа олсон юм. Энэ бүхнээ бид эргэн харж, өөрсдөдөө дүгнэлт хийх чухал Их хурал болж байна гэж хэлмээр байна.
 
УИХ-ын гишүүн Н.Учрал: МАН-д эв нэгдэл хэрэгтэй байна. Өнгөрсөн Их хурлаас хойшхи үйл ажиллагаагаа тайлагнаж, 28 дугаар хурлаас хойш ямар зарчим барихаа тодорхойлох хурал болоосой гэж хүсч байна. Нам бол олон нийтийн байгууллага учир эв нэгдэлд суурилдаг. Тиймээс өнгөрсөн хугацааны ололт, алдаандаа суурилж, өнөөдөртэйгөө дүйцүүлж ирээдүйг харсан шийдвэр гаргаасай гэж хүсч байна.
 
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг