sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Лхагва гарагт Хабаровск-Нелькан чиглэлд нислэг үйлдэж явсан L-410 онгоц буулт хийх үедээ осолдон нийт 6 хүн амиа алдаж, 3 настай ганц охин амьд үлдсэн юм. Хабаровскийн хязгаарын эрх баригчид ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийхэнд нөхөн төлбөр болгон орон нутгийн төсөвт мөнгө шилжүүлсэн тухай Хабаровскийн засгийн газрын Түлш эрчим хүчний цогцолбор болон Орон сууц нийтийн аж ахуйн асуудал эрхэлсэн орлогч дарга Анатолий Литвинчук сэтгүүлчдэд мэдэгдсэн талаар ТАСС агентлаг мэдээлэв.  
 
“Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийхэнд зориулж нутгийн өөрөө удирдах байгууллагын дансанд мөнгө шилжүүлсэн. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр нэг сая рубль, харин биеийн байдал нь хүндхэн байгаа охины эцэг, эхэд 400 мянган рубль олгоно” гэж  Анатолий Литвинчук тэмдэглэжээ. Амиа алдсан хүмүүсийг оршуулах ёслол 11 дүгээр сарын 18-нд болох юм.
 
Болсон хэрэг явдлын талаар ОХУ-ын Мөрдөн шалгах хороо цаг уурын таагүй нөхцөл байдал, нисэгчдийн алдаа юм уу техникийн доголдол гэсэн гурван хувилбарыг дэвшүүлэн шалгаж байгаа аж.
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг