sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой-Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" танхимд нээлтээ хийв.
 
2011 оноос уламжлал болсон  тус үзэсгэлэн өнөө жил хүүхэд багачуудын үндэсний бичиг соёлдоо шимтэн суралцах, түгээн дэлгэрүүлэх хандлагыг дэмжих зорилгоор Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, 8 шилдэг уран бүтээлч, ЕБС-ийн 55 сурагчийн бүтээлийг дэлгэж буйгаараа онцлогтой.
 
Үзэсгэлэнг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, “Бичиг соёл нь үндэстний өв соёлыг тээгч, түүний ой санамж төдийгүй нүд баясгаж, сэтгэл сэргээх эрхэм нандин урлаг болсны илрэл нь монгол уран бичлэг билээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж, хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал хэрэглээ мөн” хэмээн заасан. Үүнийг та бид чандлан мөрдөж, чармайн хэрэгжүүлэх учиртай бөгөөд өнөөдрийн уран бичлэгийн үзэсгэлэн нь энэ үйлсэд нэгээхэн хувь нэмэр болох биз ээ. Бидний хойч үе үндэснийхээ бичиг, соёлд хүндэтгэлтэй, дур сонирхолтой хандаж, бичиж, туурвиж байгаад миний бие туйлаас бахдан баясаж байна.
 
Монгол бичгийг цаашид улам дэлгэрүүлэн, хөгжүүлэхийн нэг үндэс нь байнгын хэрэглээнд оруулах юм. Өнөө цагийн хандлагаар та бид үндэсний бичгээ цахим орчинд хэрэглэж хэвших аваас энэ нь байнгын хэрэглээг бий болгох төдийгүй цахим орчны бас нэгэн соёл, бахархал, ялгарал болон түгэх билээ. Үүний тулд монгол бичгийн олон улсын кодчиллын асуудлыг шийдвэрлэж, монгол бичгийн фонт болон крилл-монгол бичгийн хооронд хөрвүүлэг хийх, цахим хайлт хийх боломжийг нээх программ хангамжийг бүтээх асуудлууд хурцаар тавигдаж байгаа юм. Энэ талд Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөл ажиллаж буй. Мөнх тэнгэрийн ивээл дор Монголын маань бичиг, соёл, өнөд орших болтугай” гэв.
 
Үзэсгэлэнгийн тэргүүн байрын шагналыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн 12д ангийн сурагч Г.Оюунсүрэн "Монголын нууц товчоон" бүтээлээр, дэд байрыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит 50 дугаар сургуулийн 11а ангийн сурагч М.Жаргалмаа "Нүүдэлчин" бүтээлээр, гутгаар байрыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хо-Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Солонго "Чингүнжавын өчил" бүтээлээр, тусгай байрын шагналыг Дорнод аймгийн Хэрлэн сумын маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 12д ангийн сурагч А.Энх-Учрал "Чойбалсан" бүтээлээр, Нийслэлийн Налайх дүүргийн Үндэсний лаборатори 119 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Түвшинбат "Би монгол хүн" бүтээлээр тус тус хүртсэнийг гардуулан өгсөн юм.
 
 
Тэргүүн байрын эзэн Г.Оюунсүрэн хэлэхдээ, “Би уран бичлэгийг сонирхон хичээллээд нэг жил болж байна. “Монголын нууц товчоо” бол монголын хамгийн сор бүтээл учраас сонгон бичсэн. Эхний өдөр гарчгаа бичээд дараагийн өдөр бүтээлийн жижиг ажлаа хийж дуусгалаа. Уран бичлэгийг нэг бичээд эхэлбэл хэдэн цаг ч хамаагүй бичдэг. Монгол бичиг уран бичлэг, урлаг талаасаа их сонирхол татдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
 
 
Үзэсгэлэнд Олон улсын монгол уран бичлэгийн холбооны тэргүүн Р.Отгонбаатар, Орчин үеийн каллиграфичдын холбооны тэргүүн агсан, Каллиграфийн их мастер Д.Баттөмөр, Д.Батбаяр, каллиграфийн их мастер, фонторэйтор Т.Жамъянсүрэн, уран бүтээлч Б.Хишигсүрэн, Д.Ганбаатар, Ц.Тамир, Л.Түвшинжаргал нарын шилдэг 8 уран бүтээлчийн бүтээл болон Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүрэг, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн ЕБС-ийн 7-12 дугаар ангийн 55 сурагчийн бүтээлийг дэлгэн үзүүлж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн урлан бүтээх төв, "Бичиг соёл боловсролын төв" ТББ хамтран зохион байгуулж байгаа уг үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл олны хүртээл болно.
 
Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан болон монгол хэл бичиг, түүх соёлын салбарын нэртэй эрдэмтэн, зохиолчид, каллиграфийн шилдэг уран бүтээлчид, 2017 онд улс орныхоо нэрийг олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн амжилт гаргасан хүүхдүүдийн төлөөлөл, ЕБС-ийн багш, сурагчид хүрэлцэн ирсэн байв.
 
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг