sonin.mn
Жил бүр Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар маргааш эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярболд нар өнөөдөр (2017.11.17) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ, Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан олон арга хэмжээг зохион байгуулдгийн нэг нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн юм.
 
Тэмцээнийг гурван үе шаттай явуулдаг.
 
Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны арваннэгдүгээр сарын 18-19-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулна. Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны арванхоёрдугаар сарын 9-10-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 2018 оны нэгдүгээр сарын 6-7-нд Төрийн ордонд зохион байгуулна.  
 
Тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог. Энэ жилийн тэмцээний онцлог нь энэхүү цолыг олгохоос гадна шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм. Тэмцээнд явах зардлыг зохион байгуулагч хариуцах том тэмцээн болох гэж байна.
 
Оюуны спортыг улс даяар жигд хөгжүүлж, хичээллэдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлье гэсэн зорилгоор энэ тэмцээнийг 2013 оноос УИХ-ын дарга ивээлдээ авч зохион байгуулж ирсэн уламжлалтай. М.Энхболд даргын ивээл дор хоёр дахь жилдээ болох гэж байна.  
 
Өнгөрсөн жилийн тэмцээнд 6000 гаруй шатарчин оролцсон. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа. Иргэд, шатар сонирхогчдыг тэмцээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.
 
Дараа нь УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас дээш гараагүй сонирхогчид оролцох боломжтойг хэллээ.
 
Энэхүү тэмцээнд мэргэжлийн туслалцаа үзүүлж хамтран зохион байгуулдаг  Монголын шатрын холбоог төлөөлөн дэд ерөнхийлөгч Б.Баярболд “Сумын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй гурав, эмэгтэй нэг шатарчин шалгаруулна. Дүүргийн хувьд хүн амын тооноос шалтгаалж зургаан эрэгтэй, гурван эмэгтэй шатарчин шалгаруулна.
 
Анхан шатны тэмцээнээс шалгарсан хүмүүс аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээд өрсөлдөнө. Аймгаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй, нийслэлээс 18 эрэгтэй, 9 эмэгтэй шатарчин шигшээ тэмцээнд оролцож, аваргаа тодруулна” хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.