sonin.mn
Өнөөдөр Б.Хурцын асуудал монголчуудын “амны зугаа” болж байна. “Мэддэг хүн” байхгүй хэрнээ бүгдээрээ Тагнуулын байгууллагаар өвчилж, шударга ёсыг тэндээс нэхэж байна. Б.Хурцын асуудал, түүгээр дамжин сөхөгдөж буй Тагнуулын асуудал бол Монголын бохир заваан улс төртэй холбоотой системийн дампуурал нуралтын асуудал мөн. Энэ тухай товч өгүүлсү…
 
Хуучны НАХЯ…
 
Тагнуул ярихаар манай “өвчитүүд” Монголчууд бүр Чингисийн үеэс лаг тагнуултай байсан гэж солиорох нь дамжиггүй. Үгүй л дээ. Манайд орчин үеийн Тагнуул 1921 оны Ардын хувьсгалаас эхтэй юм.
Тагнуулын байгууллагын хөгжлийн түүхийг нуршин дурдалгүй өгүүлэхэд урт удаан хөгжлийн явцад БНМАУ дэлхийд шилдэгт орох тагнуулын байгууллагатай болж чадсан юм. Үүний учир нь ЗХУ-ын Аюулгүй Байдлын Улсын Хороо (ГКБ) дэлхийд № 1 Тагнуулын байгууллага байсан бол Монголын Тагнуул түүний “багасгасан” хувилбар болохоос гадна түүний нэг “салбар” болж байсанд гол учир оршино. 
Дэлхийн том жижиг бүх улс гүрнүүд тагнуултай байх нь мэдээж хэрэг. Мөн тэрхүү тагнуулын байгууллага нь тухайн улсынхаа Үндсэн Хууль болон бусад хууль, мөн ноёрхогч үзэл санаа, тэргүүлэх үзлийг баримталдаг нь хууль ба зүй тогтол юм.
Тухайн үеийн БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам энэ л жишгээр ажиллаж байсан ба түүний ажлын агуулга хийгээд чиглэмжид нэлээд өвөрмөц шинж байсан. Манай НАХЯ нэн тэргүүнээ АНУ тэргүүтэй империалист лагерийн эсрэг, дараа нь ЗХУ болон БНМАУ-ын “нийтийн дайсан” болж байсан Хятадын эсрэг гадаад үйл ажиллагааг голлон анхаарч байв. Харин дотоод талдаа “нийгмийг аюулаас хамгаалах” ажлыг эрхлэн гүйцэтгэж байсан ба үүнийг тодруулбал олон улсын арга хэмжээнд оролцож гадаадад томилолтоор явах хүмүүсийг шалгах, хянах, тэдний гаднын тагнуулд элсэхгүй, автахгүй байх, байлгах нөхцлийг хангах, дотоодод үзэл санаа, иргэдийн үзэл суртлын “бат тогтвортой байдлыг хангах” явдал байсан юм.
Манай НАХЯ бараг “хязгааргүй” гэмээр эрх мэдэлтэй, төр засагтаа үнэнч, нэр хүндтэй, хамгийн гол нь тухайн үеийн Үндсэн Хуульд зааснаар МАН-д л “захирагдаж” байсан. Гэвч үнэн хэрэг дээрээ МАН-д биш, түүний Улс Төрийн Товчоонд буюу ердөө л 9-11 хүнд захирагдаж байсан бөлгөө.
Иймээс ЗХУ-ын сургуулиуд дундаас Дипломатын болон Аюулаас хамгаалахын сургууль хамгийн нэр хүндтэй байсан ба түүнд голдуу том дарга нарын хүүхдүүд явдаг байв. Харин Ю.Цэдэнбал дарга: “ЗХУ-ын Дипломатын болон Аюулаас Хамгаалахын сургуульд голдуу манай том дарга нарын хүүхдүүд явж байна. Одоо эл байдлыг зогсоож дээрх сургуулиудад сурлага, сахилга бат сайтай, зохих шалгуур хангасан ажилчин, малчны хүүхдүүдийг явуулж бай” гэсэн үүрэг өгч байсан билээ. Эндээс Ю.Цэдэнбал даргын хэр их ухаантай, ард түмэндээ ямар их хайртай байсныг нотолж болно.
Манай НАХЯ-нд 3 шатны буюу эрэмбийн боловсон хүчин ажиллаж байсан ба эхнийх нь маш өндөр боловсролтой, гадаадын 2-3 хэл төгс мэддэг, анализ хийх, нэгтгэн дүгнэх өндөр чадвартай элит сэхээтнүүд, удаах нь гүйцэтгэх жирийн ажилтнууд, хамгийн сүүлд “бөгс ухагч, ховлон мэдээлэгчдийн” бүлэг байв.
Дүгнэж хэлэхэд манай НАХЯ Үндсэн Хуулинд заасан үүргээ нэр төртэй биелүүлж байсан юм.
 
Монголын Тагнуулын байгууллагыг нураасан нь. 
 
1990 оны Ардчилсан Хувьсгал эхэлмэгц монголын ардчилагчдын улс төрийн шаардлагын нэгэн гол бай нь НАХЯ болов. Тагнуулыг “мэддэг” байсан Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон, бусад нь “айхаас” өөр юм “мэдэхгүй” тул лав л МАН дотор Тагнуулаа өмгөөлөх хүн ганц ч гараагүй юм. Хувьсгалаар “өвчилсөн” тухайн үеийн “ардчилагч” болгон НАХЯ-ыг нулимахыг “өөрийн үүрэг” гэж үзэж байв.
Эдгээр боорлон дайрагсдын эсрэг Ардын Их Хурлын индэр дээрээс БНМАУ-ын Үндсэн Хууль бариад Тагнуулын байгууллагаа өмгөөлөх ганцхан хүн байсан ба тэр нь генерал Б.Цийрэгзэн байв. Одоо Тагнуулынхан энэ хүнийг насан туршид нь хүндэтгэж явах хэрэгтэй л дээ.
Монголын Тагнуулын байгууллагыг устгах сонирхол гадаадад хүрээлэлд хүчтэй байсан ба АНУ, Хятад, ЕХ, Япон, Солонгос зэрэг дэлхийн бүх тусгай алба үүнийг сонирхож байсан, ганцхан сонирхоогүй улс нь ОХУ байсан гэвэл огтхон ч хилс дүгнэлт болохгүй. Гадаад гүрнүүдийн энэ сонирхлыг Монголын “ардчилагчид” шууд хэрэгжүүлж байсан юм. Нэг үе тэдний зарим Тагнуулгүй улс болно гэж солиорч байв шүү дээ…
Тагнуулын байгууллага “арчаагаа алдах” үе байдаг ба энэ нь тухайн улсын төр засгийн удирдлага тагнуулыг мэдээллийг хүлээн авч “ойлгох” чадваргүй, эсвэл уг мэдээлэлд үндэслэн хурдан шуурхай, зөв шийдвэр гаргаж чадахгүй буюу гаргахыг хүсэхгүй үед тохиодог ажгуу. Ийм явдал 1990-ээд оны эхэн үед нэг тохиосон, эдүгээ МАНАН задрах үед дахин тохиож байна… 
Мөн Тагнуул болон Цагдаа мэтийн хүчний байгууллагуудыг (энэ удаад би Цагдааг хөндөхгүй) устган сөнөөх хамгийн шилдэг арга нь тэднийг улс төрийн хувьд эсрэг тэсрэг бүлгүүд болгон хувааж, зөрчилдүүлэх явдал байдаг. Энэ жишгээр НАХЯ “коммунист” тагнуул, “ардчилсан” тагнуул хэмээн 2 хуваагдсан нь мэдээж хэрэг. Үүний дээрээс улс төрийн сонгуулийн үр дүнгээр тэдгээрийн дарга болон удирдах бүрэлдэхүүнийг халж сольдог аргыг нэмэн дурдах нь зүйтэй. Энэ адгийн арга одоо болтол үргэлжилж байна.
Хуучин системд НАХЯ нь “тэргүүлэх” үүрэгтэй, Цагдаа болон бусад байгууллагууд тагнуулд “туслах” буюу “захирагдмал” үүрэгтэй байсан юм. Тагнуулын маш олон ажлыг Цагдаагийн халхавч дор гүйцэтгэх нь түгээмэл практик байв. Эндээс Цагдааг Тагнуулын эсрэг босгож, Цагдаад “эрх чөлөө” олгох хөдөлгөөн өрнүүлэв. Үүний үр дүнд Цагдаа “эрх чөлөөгөө” олсон боловч бүхэлдээ бол Монголын аюулаас хамгаалах тогтолцоо бүрэн эвдрэлд орж, одоо болтол дахин сэргээгүй байна.
НАХЯ-ны маш олон боловсон хүчнийг бөөнөөр халснаар Монголын Тагнуулын “элит хэсэг” оргүй шахам устаж, харин дээр дурдсан 2 болон 3 дугаар бүлгийнхний дураар авир эхлэв. 
Ямар сайндаа олон улсын хурал зөвлөгөөнд явуулах гэхээр “хэл мэддэг” хүн “бараг байхгүй” болж байхав дээ. Сүүлдээ Тагнуулын 45 хоногийн курст явсан нөхөр Тагнуулын “их том” дарга болж, махны ченж хүртэл Тагнуулд хэлтсийн дарга хийж байсан хөгийн явдал ч бий…
 
Өнөөгийн Тагнуул ч гэж дээ…
 
НАХЯ-ыг устгаснаас хойш нэрийн төдий үлгэн салган Тагнуул байгуулсны гор нь удахгүй гарч эхлэв. 1996 онд Ардчилсан Холбоо эвсэл УИХ-д олонхи болж, М.Энхсайхны Засгийн Газар байгуулагдмагцаа хамгийн түрүүнд хийсэн ажил нь Тагнуулын байгууллагын удирдлагыг сольж, боловсон хүчний хоморголсон халаа сэлгээ байсан юм. Тагнуулынхан нэгэн өглөө ажилдаа иртэл хашааны хаалга түгжээтэй, хашааны цаанаас “Та нар халагдсан” гэж хэлснийг олон хүн баталдаг.
Одоо Тагнуулын “үндсэн үүрэг” нь “улс төрийн ажил” болов. 1997 оны сүүлчээс тухайн үеийн МАН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд П.Жасрай болон бусад хэд хэдэн хүнийг тагнаж чагнасан хэрэг мандав. Энэ асуудлыг МАН-ын Удирдах Зөвлөлөөр хэлэлцэж, Ц.Нямдоржид уг асуудлыг УИХ-д тавих үүрэг хүлээлгэсэн юм. Энэ үед би МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байсан учир эл явдлыг сайн мэдэх нэгэн бөлгөө.
Энэ асуудал УИХ-д хүрч, түүнийг шалгах ажлын хэсэг байгуулсан ба үүнд Ц.Нямдорж, О.Дашбалбар, Ш.Одонбаатар, талийгаач С.Зориг нар орсон юм. Их сонин зохицол байгаа биз. Энэ ажлын хэсэг Тагнуул дээр очиход коридор бүрт буу агссан тусгайнхан жагсаад зогсчихсон байсан гэж хожим Ц.Нямдорж өгүүлсэн байдаг. Шалгалтын үр дүнд генерал Ж.Баатар ажлаас халагдаж, ял хүлээж билээ. Энэ үеэс л Монголын Тагнуулын “дотоод дайн” эхэлсэн юм.
Үүнээс арай хожим буюу 2003 онд Ц.Нямдоржийн тагнуулын асуудлыг УИХ-ын гишүүн Л.Гүндалай гарган тавьж асуудлыг улам хурц болгосон билээ. Хэрэв Тагнуулын эрх ашгийг хөндсөн бол УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг бол зүгээр л хоосон цаас гэдгийг Монголчууд тэр үед ойлгож авсан юм.
Генерал Ж.Баатар гэртээ захидал бичиж үлдээгээд олон сар алга болж, чингэхдээ Ерөнхийлөгч асан П.Очирбатын хүргэнийд хоргодож байсныг Тагнуулынхан сүр бадруулан баривчилсан зэрэг маш олон адал явдал тохиосон. Ингээд 2004 онд генерал Ж.Баатарт улсын нууц задруулсан хэргээр 7 жилийн ял оноосон билээ. Энэ бол МАН-ын болон АН-ын тагнуулууд хоорондоо байлдсан “арай гайгүй сайхан үе” байсан юм. Үүнээс хойш Монголын улс төрчид “өөрийн гэсэн” тагнуул цагдаатай болж авахгүй бол улс төрд “хол явахгүй” гэдгээ маш сайн “ойлгож” авсан юм. 
Ингээд МАН-ын “тагнуул”, МАН-ын сөрөг хүчний “тагнуул”, АН-ын “тагнуул”, АН-ын сөрөг хүчний “тагнуул” гэсэн гурвалжин дөрвөлжин байлдаан эхэлсэн ба үүний учрыг мэддэг, гадарладаг хүн Монголд бараг байхгүй.
Сүүлдээ МАН-аас Н.Энхбаярын, С.Баярын, М.Энхболдын, Сү.Батболдын, АН-аас Ц.Элбэгдоржийн, Н.Алтанхуягийн, Ч.Сайханбилэгийн гэх мэтчилэн “төрөлжсөн тагнуулууд” бий болов. Энэхүү “төрөлжин хоршооллох хөдөлгөөнд” Тагнуул төдийгүй Цагдаа, АТГ, ШШГЕГ, шүүх прокурор зэрэг хүчний байгууллагын бүхий л систем хамрагдсан болно. 
Үүний агуулга нь нэр бүхий нэн тодорхой улс төрчид өөрийн үйлдсэн гэмт хэргийг хаацайлах, нуун дарагдуулах, хэргийн баримт материалыг устгахын хамт өрсөлдөгч нарынхаа гэмт хэргийн баримт материалыг цуглуулах, үүгээрээ рэкет хийх, залхаан цээрлүүлэх үйл ажиллагаандаа Тагнуул, цагдаа, хууль шүүхийн байгууллагын удирдлагыг ашигладаг бусармаг явдал мөн.
Монголын Тагнуул, Цагдаа, бас хууль хүчний байгууллагууд бол бизнесийн ертөнц, гэмт хэргийн ертөнцийг улс төртэй холбогч, зуучлагчийн үүрэг гүйцэтгэгчид мөн. Эдүгээ улс төрчдийн “өөрийн гэсэн” тагнуул, цагдаатай болох “өвчин” халдварлан тархаж, Монголын том том компаниуд бас л “өөрийн гэсэн” хамгаалалт, тагнуул, цагдаагийн албатай болж байгаа нь нэг их нууц биш болжээ. Сүүлдээ том компанийн “тагнуулууд” том улс төрчдийн “тагнуултай” нэгдэн нийлэх үйл явц болж байна.
Тагнуул, Цагдаагийн үйл ажиллагаа сүүлийн үед ихээхэн завхарч, ард түмнээ тагнаж чагнадаг, айлган сүрдүүлдэг бусармаг үйлдэл рүү шилжсэн юм. Жишээ татахад Монголын Тагнуул Г.Уянгыг тагнадаг, Г.Баасанг тагнадаг, “Иргэний эвслийн” Д.Энхбатыг тагнадаг,  мөн намайг тагнадаг нь харин бодит баримт юм. Тагнаж чагнахдаа хүртэл бүдүүлэг, болхи үйлдээд бид нарт баригддаг хөгийн тагнуулаар ямар үхснээ хийхийм ?!
Надтай “хамтран ажиллая” гэж санал тавьдаг, түүнийг нь “зөвшөөрөөд” томчуудын идэж уусан баримтуудыг өгөх гэхээр “айж зугтаадаг” тагнуулын хэрэг гэж Монголд огт байхгүй !!! 
Сүүлдээ Монголын Тагнуул, Цагдаа улс төрийн сонгуулиудад “ил тод” оролцох болсныг манай ард түмэн бэлхнээ харж байгаа. Ийм “тэнэг тагнуул” гэж ганцхан Монголд л буй…
Төрийн дээд түвшингийн сүүлийн 10-аад жилийн томилгооноос үзэхэд нам төрийн дээд албан тушаалыг ердөө л 20-30 орчим хүн, мөн Тагнуул, Цагдаагийн даргын албан тушаалд 5-7 хүн л сэлгэн тэлээлж байгааг хялбархан ажиглаж болно. Б.Хурц бол тэдний л нэг. Тэрбээр төрд үйлчилж гавъяа байгуулдаг зарчмыг тодорхой улс төрчдөд үйлчилж, тэдний өрсөлдөгчдийг рэкетлэх аргад гаршсан жирийн нэг луйварчин юм. Нөгөө талаасаа би Б.Хурцыг улаан цайм худал ярьж байна гэж бодохгүй байна. Гэвч “буусан даргын” “ил болгосон” мэдээлэл зөвхөн сүрдүүлгийн шинж чанартай болж, үр нөлөө, ач холбогдлоо алддаг зүй тогтлыг Б.Хурц огт анзаарсангүй…
Монголын Тагнуул, Цагдаа, хүчний болон хууль хяналтын байгууллагууд арчаагаа алдаж бууран доройтсоны үндсэн бөгөөд гол шалтгаан нь МАНАН-гийн хулгайч, дээрэмчин, луйварчин, авилгач улс төрчид, бүр тодруулбал МАНАН-гийн эрх баригчид мөн.
Сүүлдээ Монголын Тагнуул, Цагдаа улс төрчдийн “захиалгын дагуу” бүх төрлийн сонгуульд “ил тод” оролцож шившгээ хутгадаг “сайхан ажилтай” болсныг манай ард түмэн бэлхнээ харж байгаа. Ийм “тэнэг тагнуул” гэж ганцхан Монголд л буй…
Эдүгээ манай үндэстний амин чухал зорилго бол МАНАН-гийн мэдэлд буй “төрөлжиж хоршоолсон” Тагнуул, Цагдааг орвонгоор нь өөрчилж, даргын тушаал биш, хуулийн заалт биелүүлдэг болгон өөрчлөн шинэчлэх явдал мөн. Энэхүү шинэчлэлд цорын ганц шалгуур байгаа бөгөөд энэ нь Монголын Тагнуул, Цагдаа МАНАН-гийн эсрэг тэмцэх эсэх явдал болно.
Одоохондоо бол “Монголын Цагдаа тэнэг болохоороо гадуур хоёр хоёроороо явдаг бол Монголын Тагнуул бүр ч тэнэг болохоороо гурав гурваараа явдаг.” Үүнийг би зохиогоогүй, “дотор нь байдаг” шударга хүмүүс зохиосон бөлгөө…
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?