sonin.mn
БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлтэнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцлоо. Армийн генерал И.А.Плиевийн цээж хөшөөг Зайсан толгойн зүүн хойно “Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөө”-ний өгсөх шаттай зэрэгцээ, хойд зүг рүү харуулан байршуулжээ.
 
Нээлтэнд Н.Энхболд сайд хэлэхдээ “Өнөөдөр бид олон жилийн өмнөх үйл явдлыг эргэн дурсаж байна. Бид агуу жанжин, цэргийн нэрт зүтгэлтэн армийн генерал Плиев дурсгалд зориулсан хөшөөг Улаанбаатар хотын Зайсан толгойд босгож байгаа нь монголчууд бид өөрсдийн оролцсон хамтын тулалдаанаа мартаагүй. Манай орон, ард түмний төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан нөхдөө хүндэтгэн дурсаж байгаа хэрэг юм Бидний үр хүүхэд, ач зээ нар энэ тухай хэзээ ч бүү мартаг. Бид нэг дэлхийтэй, Монгол орос улсууд манай ард түмний найрамдал, бие биедээ хандах чин сэтгэлийн дотно харилцааг хайрлан хамгаалж байх ёстой” гэж хэлсэн юм.   
Осетиний тариачны гэр бүлээс гаралтай Исса Александрович Плиев 1936 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улсад томилолтоор ирж, Улаанбаатар хот дахь Нэгдсэн цэргийн сургуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна. Хоёр жил гаран Монголд ажилласан тэрбээр нутаг буцаж улмаар Дэлхийн 2 дугаар дайнд Украйны 3-р фронтын морин механикжсан бүлгийн 4-р гвардын морин цэргийн корпусын командлагчаар, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар оролцжээ. Чөлөөлөх дайнд түүний орлогчоор генерал Ж.Лхагвасүрэн томилогдон мөр зэрэгцэн тулалдсан байдаг.
 
Хөшөөний нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич,  ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон бусад албаныхан оролцов.