sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн 10 дугаар сарын үзүүлэлтийг танилцууллаа.
 
Тухайлбал Инфляци өмнөх сараас 0.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн  үзүүлэлттэй гарчээ. Ийнхүү инфляци өсөлттэй гарахад  тээврийн бүлгийн үнэ, орон сууц, ус цахилгаан, түлш,  хүнсний бараа, хувцас, бөс барааны үнийн өсөлт голлон нөлөөлснийг статистикчид онцолж байна.
 
Түүнчлэн инфляци Булган аймагт өөрчлөлтгүй гарсан бол  Өвөрхангай, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод аймагт буурч, бусад аймагт бага зэрэг өссөн үзүүлэлт гарчээ. Харин Увс аймагт  инфляци хамгийн өндөр буюу 2.6 хувиар өссөн байна.
 
ТӨСВИЙН  ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ 1.5 ИХ НАЯДААР БУУРАВ
 
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 669.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Тодруулбал тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн  хэмжээ эхний 10 сарын байдлаар  5.8 их наяд төгрөгт хүрч, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 6.5 их наяд төгрөг болжээ. Төсвийн тэнцлийн алдагдал өмнөх оноос 1.7 их наяд төгрөгөөр буурахад татварын орлогын өсөлт голлон нөлөөлжээ.
 
Улсын нэгдсэн төсвийн орлогын 79.2 хувийг татварын орлого бүрдүүлж байгааг албаныхн онцлов.
 
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 1.3 ТЭРБУМ ДОЛЛАРААР НЭМЭГДЖЭЭ
 
Манай улс  эхний 10 сард дэлхийн 154 улстай худалдаа хийсэн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллараар өсчээ. Энэхүү өсөлтөд экспорт 39.3 хувиар өсч нэлээн жин дарсан байна. Импорт ч үүнээс дутахгүй өсөлтийг үзүүлжээ. Экспортын хэмжээ нэмэгдэх гол хүчин зүйл нь эрдэс баялгийн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экпсорт өссөн. Тодруулбал нүүрсний экспорт 1.3 тэрбум ам. доллараар нэмэгджээ.   Харин импорт 27.5 хувиар  өсөхөд дизелийн түлш, автобензин,  машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.
 
ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ
 
Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээллээр чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал банкны системийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн зээл  10 дугаар сарын байдлаар 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 0.4 хувиар  буюу 4.3 тэрбум төгрөгөөр өсчээ.
 
Харин чанаргүй  зээлийн өрийн үлдэгдэл  7.2 хувийг эзэлж,  өмнөх сараас  0.1 пунктээр өссөн байна. Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт 10 дугаар сарын эцэст 14.5 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 25,2 хувийн  өcөлт үзүүлжээ.
 
АЖИЛТАЙ  БОЛОВЧ ӨӨР АЖИЛ ХАЙЖ БУЙ 9.1 МЯНГАН ИРГЭН БАЙНА
 
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 10 дугаар сарын  байдлаар 33 мянгад хүрчээ. Үүний 24.2 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд юм. Харин ажилтай боловч өөр ажил хайж буй 9.1 мянган иргэн байгааг статистикчид тодотголоо.
 
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн дийлэнх хувийг 15-34 насны залуучууд эзэлж буй аж. Эл үзүүлэлт Өмнөговь, Архангай, Орхон, Сэлэнгэ, Ховд,  Увс, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Өвөрхангай, Дорноговь аймагт улсын дунджаас 0.5-13.7 пунктээр илүү байгааг статистикийн судалгаа харуулж байна.
 
 
50.5 МЯНГАН ӨРХ  2.1 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ОРЛОГОТОЙ
 
Гуравдугаар улирлын статистик үзүүлэлтээр нэг өрхийн дундаж орлого 929,4 мянган төгрөг хэмээн гарчээ. Харин чинээлэг өрхийн хэрэглээ хамгийн ядуу өрхийн хэрэглээнээс 5.4 дахин их байгааг судалгаагаар тогтоосон байна.
 
Мөнгөн орлогыг жагсаавал, 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 120,5 мянган өрх, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 135,1 мянган өрх, 500-900 мянган төгрөгийн орлоготой өрх 276 мянган өрх, 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 50.5 мянга  байна.
 
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг