sonin.mn

Төв Аймгийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хорих 403, 417 дугаар нээлттэй хорих анги, Хорих 415 дугаар хаалттай хорих ангийн хэмжээнд хамтарсан зөвлөгөөнийг   2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сум дахь Хорих 415 дугаар хаалттай хорих ангид хийсэн байна. Зөвлөгөөнд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хурандаа Ц.Алтантулга, Хорих 403 дугаар ангийн дарга хурандаа П.Мөнхгэрэл, Хорих 417 дугаар ангийн дарга хурандаа Ч.Энхбаатар, Хорих 415 дугаар ангийн дарга хошууч Г.Амгаланбаатар болон дээрхи хорих ангиудын нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчид, тоо бүртгэлийн ажилтнууд оролцжээ.

Зөвлөгөөнөөр хорих анги тус бүр 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шинээр батлагдсан "Хорих ангийн дотоод журам” болон бусад журам, заавар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын тушаал, заавар, журмуудыг хэрэгжүүлэх ажиллагааны явц байдал, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар хорих ангийн дарга нар мэдээлэл хийж, хорих  ангиудын нийгмийн ажилтнууд  2017 онд хоригдлыг нийгэмшүүлэх талаар зохион байгуулсан ажил, хүрсэн үр дүн, цаашид хийх ажлын талаар сонсгол тавьсан байна.

Зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Мөнхбаяр оролцон,шинээр батлагдан гарсан хуулиудыг хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлуудын талаар оролцогчдоос асуусан асуултанд хариулт өгч, цаашид анхаарах  ажлын талаар үүрэг даалгавар өгчээ. Зөвлөгөөнд оролцогчид Хорих 415 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан нь харилцан туршлага солилцох үр дүнтэй ажил болсон байна. Мөн Аймгийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Аварзэд, хяналтын прокурор Х.Оюунцэцэг нар Хорих 415 дугаар ангийн нийт албан хаагч нарт "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, "Зөрчлийн тухай” хуулиудаар сургалт явуулжээ.