sonin.mn
МАН ирэх долоо хоногт XXVII Их хурлаа хийж намынхаа даргыг сонгоно. Энэ том намын дарга болно гэдэг Ерөнхий сайд болохын дайтай албан тушаалд очлоо л гэсэн үг. Дарга болсон хүн албан тушаалаараа дамжуулж нам доторх бүхий л эрх мэдлийг дангаар эдэлнэ. 
Учир нь, өмнөх намын дарга ийм жишиг тогтоож өгсөн. Иймд Ардын намын даргын сунгаа намын дотоодод тун ч ширүүхэн өрсөлдөөн үүсгэжээ. Урьдчилсан байдлаар харвал, XXVII Их хурал МАН-ын ирээдүйг тодорхойлох чухал ач холбогдолтой түүхэн арга хэмжээ болох ба Монгол орны цаашдын ирээдүйд ч нөлөөлнө гэдгийг монголчууд ойлгож байгаа. Тиймээс ч энэ намын шинэ даргыг бүгд л хүлээж байгаа биз ээ.
МАН-ынхан ч хэнийг даргаараа сонгох вэ гэх нууцхан санал хураалтыг дотоодоо явуулаад эхэлсэн. Мэдээж Засгийн газраа тогтвортой байлгах, фракцуудын эв нэгдлийг хангаж чадахуйц лидерээр л намын дарга болох ёстой гэж МАН-ын мянган мянган гишүүн бодож байгаа. Тэгвэл энэ их итгэлийг хэн хүлээж чадах бол.
Төрийн хүний зангарагтай, элдэв хэл аманд өртдөггүй, нэр цэвэр нэгэн байгаасай гэж тэд хүсэж буй нь мэдээж. Харин одоогоор даргын суудлын төлөөх өрсөлдөөнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, С.Бямбацогт, Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн, стратегийн зөвлөх Н.Дэмбэрэл нар тунаж үлдээд байна гэж хэвлэлээр бичих болов. Олон дахин бичээд байгаагаас харвал, эдгээрээс хэн нэгэн нь дарга болно гэдэг таамаг ч үнэн болж таарах нь. Намын даргын үүрэг маш их тул туйлын оновчтой сонголт хийх ёстой гэдгийг энэ намынхан өөрсдөө ч хэлээд байгаа. 
Хамгийн гол нь одоо хэнийг даргаараа сонгохоос шалтгаалж МАН 2020 онд олонх болж чадах уу, үгүй юу гэдгийг шийдэх юм. Уг нь МАН-ын гишүүд дандаа залуусыг намын даргын сунгаанд оролцуулна гэж байсан ч асуудал өөрөөр эргэжээ. Одоогийн намын дарга М.Энхболд тамга, тэмдгээ У.Хүрэлсүхэд шуудхан шилжүүлэхийг хүссэнгүй.
Учир нь, тэрбээр өөрийн талын хүнээ намын дарга болгож чадвал УИХ-ын даргын суудлаа ч хамгаалж үлдэж чадна. Энэ утгаараа түүний хувьд Д.Хаянхярвааг МАН-ын даргын төлөө зүтгүүлсэн тухай яриа Саарал ордонд хөврөх болов. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа одоо 65-ын албан ёсны бүлгийн дарга. Гэхдээ бүлгээ бүрэн дүүрэн зангидаж хараахан чадахгүй байгаа нь нууц биш. Тэр ч бүү хэл
“33” болон “32”-ын бүлгийг нэгтгэх гэж чармайх ч үгүй яваа гэсэн шүүмжлэлд өртөх болсон.
Тиймээс л Д.Хаянхярваааг 65-аа бөөгнүүлж чадаагүй хүн 100 мянган гаруй гишүүнээ нэгтгэнэ гэдэг худлаа гэцгээж байгаа. Мань хүний нэр мөнгө төгрөгийн асуудалтай ч хутгалддаг. Тодруулбал, тэрбээр Сангийн сайд байхдаа монголчуудыг алагчилж, өөрийн тойргийн сонгогчдод нэг сая төгрөг тараагаад, бусдыг нь гар хоосон үлдээсэн гээд л яриа эхэлдэг. Мөн Хонгор сум цианит натрид хордож, мөнгөн усаар уйлж байхад “Зүв зүгээр байгаа” гэж хээв нэг хэлж чадсан хүн.
Тэгвэл энэ мэт асуудлаас болж М.Энхболдын гэх фракцынхан хоёр хуваагдаж намын даргад Д.Хаянхярваа бус нэр цэвэр залуусыг зүтгүүлэхийг УИХ-ын даргаас шаардах болжээ.
Мэдээж М.Энхболд даргад өгсөн энэхүү сануулга бодож үзэх ёстой асуудлын нэг. Яг үнэндээ дээрх дурдагдсан нэр дэвшигчдээс хамгийн хараар будуулах хүн нь Д.Хаянхярваа. Тухайлбал, түүнийг Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн тойрон хүрээлэгчдээ хөхүүлэн дэмжиж, төрөөс төрсөн тэрбумтнуудыг бий болгосон гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл Д.Хаянхярваа тус аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа чамгүй их хөрөнгө хуримтлуулж одоогийн хэмжээнд хүрсэн гэдэг. Ийн хэлэхийн учир нь, тэрбээр 1988-1992 онд Дархан-Уул аймгийн Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч, 1992-1996 онд Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, 1996-2000 онд Санхүүгийн хэлтсийн дарга, 2000-2008 онд аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан. Эдгээр ажлыг хийлээ гээд тэрбумтан болохуйц хөрөнгө хурааж даанч чадахааргүй.
Тэгвэл түүнийг одоогийн энэ их хөрөнгөө яаж босгосон бэ гэдгийг Дарханы уугуул иргэд андахгүй мэддэг юм билээ. Дан төрийн албаар яваад ингэж баяждаг бол ч ... гэж ирээд л хүмүүс ярих нь бий. Ямартай ч тэрбээр Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Дархан-Уул аймагт тэрбумтны хороолол гээчийг бий болгосон ба тэнд нь түүнийг тойрон хүрээлэгсэд л амьдардаг байсан нь дарханчуудын эгдүүцлийг төрүүлж байлаа. Тухайн үед тэр хорооллын айлуудын байр байшингийн зураг сонингийн хуудаснаа гарч байсан юм.
Тэгэхээр ганц ч бизнес хийлгүйгээр хөрөнгөжиж баяжиж болдгийг харуулсан түүнийг МАН-ын даргын сунгаанд оруулсан нь харамсалтай. Өнөөдөр Монгол Улсад цэвэр бизнесээр мөнгө олно гэдэг дааж давшгүй олон даваа, нугачааг туулж, түмэн хүнд суртлыг өнгөрүүлж байж сая гүйцэлдэх үйл. Харин төрд шургаад авсан бол цөхөх юмгүй тэрбумтан болдог нь даанч шударга бус. Иймд төрөөс төрсөн тэрбумтан гэх нэрийг зүүсэн Д.Хаянхярваа энэ удаагийн намын даргын сунгаанд өвдөг сөхөрнө гэдгийг учир мэдэх хүмүүс хэлээд буй нь гарцаагүй үнэн юм.