sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 92,3 хувийн саналаар баталлаа.
 
УИХ-аас 2018 оны төсвийг энэ сарын 15 гэхэд хэлэлцэн баталсан байх ёстой. Иймээс өнөөдөр буюу байнгын хороо хуралддаг товт өдөр чуулганы хуралдааныг зарлан хуралдуулав.
 
Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд ирэх төсвийн тухай хуулийн заалт бүрийг уншиж танилцуулсан юм. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь болж нийт алдагдал 2017 оноос ДНБ-ий 1.5 хувь байх юм.
 
Өөрөөр хэлбэл, төсвийн орлого талдаа учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, орлогын бааз суурийг нэмэгдэхэд Засгийн газар анхаарч ажилласан байна. Харин зарлага талд:
 
-Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлж ачааллыг бууруулна. 
 
-Оюутны хөгжлийн зээлийг хүртээмжтэй, саадгүй олгох нөхцөл журмыг бүрдүүлж их дээд сургуульд суралцагч болон тэдний өрх гэрт учирч буй төлбөрийн дарамтыг арилгана.  
 
-Эрүүл мэндийн даатгалын сан,  эрүүл мэндийн салбарын зарим байгууллагыг бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн санхүүжилт нь иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлнэ.  
 
-Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. 
 
-“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.
 
-Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлнэ. 
 
-Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгоно.  
 
-Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтод бүлэгт чиглүүлэхээр хуулинд тусгажээ. Төсөв батлагдсантай холбогдуулж Сангийн яамнаас Төрийн ордонд сэтгүүлчдэд тус хуулийн талаар мэдээлэл хийх юм. 
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг